logo
Шийдэх асуудлууд хуримтлагдснаас УИХ ээлжит бус чуулган эхэлж байна

Шийдэх асуудлууд хуримтлагдснаас УИХ ээлжит бус чуулган эхэлж байна

2012/08/30
-УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг-


2012.08.29                                    Улаанбаатар хот

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Ерөнхий сайд аа
Засгийн газрын гишүүд ээ,
2012 оны УИХ-ын Сонгуулийн үр дүнд Засгийн газар байгуулагдаж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн батлуулаад ажилдаа орлоо. Улс орон даяар намрын их ажил эхэллээ. Намрын ээлжит чуулганыг хүлээлгүй яаралтай шийдэх асуудлууд хуримтлагдснаас УИХ ч гэсэн ээлжит бус чуулганаа эхлүүлэх гэж байна.
Хоёр сарын дараа болох аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон цаг хугацааны хувьд яаралтай шийдвэрлэх зарим хуулиудыг хэлэлцэх зорилгоор энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг энэ оны 6-р сард УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулсан тул одоо үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарлаа. Аймаг, сум, дүүргийн сонгуулийг энэ жилийн амжилттай явагдсан УИХ, Нийслэлийн сонгуулийн сайн туршлага, тухайлбал санал тоолох машин хэрэглэх, сонгогчдын бүртгэлийн системийг ашиглан явуулахаар УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөл өргөн бариад байна. Иймд Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүйд тооцож, аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухай хуулийг шинээр хэлэлцэн батлах шаардлагатай байна.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 1990-1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрдэх явц, 1995-2000 он хүртэлх нийгмийн даатгалын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамаарсан нийгмийн шилжилтийн улмаас  албан бус хөдөлмөр эрхэлж байсан эсвэл ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлүүлэх, цаашид тэдний тэтгэврийн даатгалын баталгааг хангаж өгөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь тэтгэвэр тогтоолгох насандаа ойртсон иргэд ажилласан жилээ нөхүүлж, тэтгэвэр тогтоолгох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
Хүн амын тоо олширсон, шилжин суурьшилт нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн орон нутагт шүүх, прокурорын байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, хурдан шуурхай хүргэж зөрчигдсөн эрхийг сэргээх бодит шаардлага бий болж байгааатай холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын Шүүх, Прокурорын газар байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Түрүүчийн УИХ-аар хэлэлцэж эхэлсэн УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад завсарлага авахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ нь нам, эвслийн бүлэг УИХ-ын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авахдаа гагцхүү тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан авдаг, мөн тодорхой хугацаатай байж, УИХ-ын үйл ажиллагаа бүтээлчээр цаг үеийн тулгамдсан асуудлыг сааталгүй түргэн шуурхай хэлэлцэн шийдвэрлэх боломж бүрдүүлэх түүнчлэн цөөнхийг тухайн асуудалд иргэдийн анхаарлыг хандуулахад цаг гаргаж өгөх зорилготой юм.
Өмнөх Засгийн газар хариуцлагагүй ажиллаж төсвийн орлогыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр тасалснаас болж нийгмийн болон хөрөнгө оруулалтад шаардлагатай зарим санхүүжилт хүрэлцэхгүй байгаа, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвөө дахин хуваарилах, түүнчлэн үлдэж байгаа хугацаанд хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй зарцуулах зорилгоор 2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэн шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

Сэтгэгдэлүүд

Дээш