logo
Сирийн ард иргэд хоёр талд хуваагдаад байна

Сирийн ард иргэд хоёр талд хуваагдаад байна

2012/01/13
Сирийн эрх баригчид ихэнх гадны сэтгүүлчдийн үйл ажиллагааг хориглосон учраас энэ улсад өрнөж байгаа үйл явдлыг цаг тухай бүрд нь мэдээлэхэд хүндрэлтэй байгаа. Иргэд ерөнхийлөгч Башар Ал Ассадыг эсэргүүцэн жагссаар байгааг ихэнхдээ хувь хүн хийж, интернэтэд тавьсан бичлэгээс  харах боломжтой байсан юм.
Харин CNN агентлагийн сэтгүүлч Ник Робертсон Сири улсад очиж, сурвалжлага бэлтгэсэн байна. Ерөнхийлөгч Башар Ал Ассадыг эсэргүүцэгчидтэй биечлэн уулзаж, тэднээс яриа авах нь гадны сэтгүүлчдийн хувьд тун ховор боломжуудын нэг болоод байгаа юм. 
Ник Робертсон Сирийн нийслэл Дамаск хотын төвөөс хэдхэн км-н зайд орших хэсэгт засгийн газрыг эсэргүүцэн жагссан иргэдтэй уулзжээ. Түүнд яриа өгсөн нэгэн жагсагч хэлэхдээ "Нөхцөл байдал үнэхээр муу байна, бид эрх чөлөөтэй болохыг хүсч байна, иргэд амь үрэгдэж байгаа явдалд засгийн газар, Башар Ал Ассад буруутай, тэр иргэдийг хөнөөж байна гэжээ.
Ассадыг эсэргүүцэж байгаа иргэд Арабын Лигийн ажиглагчдад итгэхгүй байгаагаа хэлжээ. Харин ажиглагчид маш аюултай нөхцөл байдал үүсээд байгааг хэлж, одоогийн нөхцөл байдалд төвийг сахиж, мэдээлэл  цуглуулах нь тэдний хийж чадах зүйл гэдгийг тайлбарласан байна. Цугласан хүмүүс эмнэлэг рүү явж шархаа эмчлүүлэхээс эмээж байгаагаа CNN агентлагийн сэтгүүлчид учирлажээ. Учир нь тэдний үзэж байгаагаар эмнэлэгт очвол засгийн газрын хүчнийхэн тэднийг баривчилж магадгүй гэнэ.
Сирид засгийн газрыг эсэргүүцэгчдээс гадна ерөнхийлөгч Ассадыг дэмжигчид ч мөн жагсаал цуглаан хийж байгаа юм. Тэд Арабын Лигийн ажиглагчдын замыг хааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Дамаск хотод Ассадыг дэмжигчид ч жагссан байна.
Үүнээс үзэхэд Сирийн иргэд ерөнхийлөгч Ассадыг дэмжигчид болон эсэргүүцэгчид гэж хоёр хуваагдаад байна. Бүх эрх мэдэл ерөнхийлөгч Башар ал Ассадын гарт байгаа ч түүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд олон хүний цусыг урсгасан ноцтой зөрчил мөргөлдөөн гарахгүй гэх баталгаа алга байна. 
Ерөнхийлөгч Башар Ал Ассад лхагва гаригт телевизээр хийсэн мэдэгдэлдээ  манай засгийн газар 10 сар үргэлжилсэн бослого үймээнийг эцэс болгохын тулд Арабын Лигийн ямар ч саналыг хүлээн авахад бэлэн гэж онцолсон байна. Гэхдээ тэрээр Сирид иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байгаа тухай мэдээллийг эрс үгүйсгэж, гадны орнууд манай улсад тогтворгүй байдал үүсгэхээр оролдсон, террористуудыг төмөр нударгаар дарна гэж хэлсэн байна.
АНУ, Францын засгийн газрын албаны хүмүүс Сирийн ерөнхийлөгчийн мэдэгдлийг буруушааж, Ассад бодит байдлыг үгүйсгэж байна гэж мэдэгджээ.
НҮБ-аас мэдээлснээр Сири улсад өнгөрөгч гуравдугаар сард бослого үймээн эхэлснээс хойш 5.000 гаруй хүн амь үрэгдсэн байна.
165 хүний бүрэлдэхүүнтэй Арабын Лигийн ажиглагчдын баг хоёр долоо хоногийн өмнө Сирид хүрэлцэн ирсэн. Тэд ерөнхийлөгч Ассадын засгийн газар хотуудаас цэргээ гаргаж, улс төрийн хоригдлуудыг суллан, сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийх зэргээр энхийн төлөвлөгөөг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавихаар ажиллаж байгаа юм.
Сирийн ард иргэд ерөнхийлөгч Башар Ал Ассадыг эсэргүүцэн жагссаар байгаа. Хэдийгээр Арабын лигийн ажиглагчид хүрэлцэн ирээд байгаа ч засгийн газрын хүчнийхэн иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдсээр байгааг идэвхитнүүд мэдээлжээ.  Харин Сирийн засгийн газар гадныхнаар дэмжүүлсэн террорист бүлгүүд үймээн дэгдээж байна, тэд аюулгүйн хүчний 2.000 албан хаагчийг хөнөөсөн гэж мэдэгдсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш