logo
Ерөнхийлөгч 21 аймгийг тэмцэлд уриалах уу: Орон нутгийн АН-ууд суулт хийж эхлэв

Ерөнхийлөгч 21 аймгийг тэмцэлд уриалах уу: Орон нутгийн АН-ууд суулт хийж эхлэв

2021/05/08

Тавдугаар сарын 5-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон С.Эрдэнийн материалыг хүлээж авсан. Тэр оройноос эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд өлсгөлөн зарласан билээ.

Харин маргааш нь Ерөнхийлөгч Х.Баттулга 21 аймаг дахь АН-ын дэмжигчдээ уриалж, бослого тэмцэл гаргахад бэлтгэж эхэллээ гэх мэдээллийг эх сурвалжууд өгч эхэлсэн. С.Зоригийн хөшөөтэй АН-ын байранд Нийслэлийн есөн дүүргийн АН-ын удирдлагууд цуглаж, энэ агуулгаар хуралдсан гэгдэж байв. Энэ тухай хэд хэдэн хэвлэлд ч мэдээлэгдсэн.

Энэ дагуу МАН-ын зүгээс төв талбай орчмыг хатуу хяналтад авч, хөдөлгөөн хорьсон гэж ойлгогдох давхар үндэс бий юм. Түүнчлэн Засгийн газар вакцин хийлгээд 14 хоног болсон бол хөдөө орон нутаг руу зорчиж болно хэмээсэн ч хот хоорондын хөдөлгөөнийг заавал тавдугаар сарын 22-ноос хойш албан ёсоор нээнэ гэж мэдэгдээд буй.

Одоогоор орон нутгийн АН-ууд Ерөнхийлөгчийн чиглэл бүхий О.Цогтгэрэл даргатай АН-ыг дэмжиж буйгаа ил илэрхийлээд байна. Зарим нь өлсгөлөн, суулт зарлаж ч эхэлжээ.

Тухайлбал одоогоор Сэлэнгэ, Дархан-Уул аймагт суулт, Орхон аймагт өлсгөлөн хийгдэж эхэлсэн байна. Харин Өвөрхангай, Завхан, Увс, Баянхонгор аймгууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжихгүй гэдэг байр сууриа аман болон бичгэн хэлбэрээр илэрхийлжээ. Түүнчлэн АН-ын дарга бол М.Тулгат биш О.Цогтгэрэл юм гэсэн агуулгатай албан бичгийг 21 аймаг, 330 сумаас илгээсэн гэж энэ талын АН-ын төлөөлөгчид хэлээд байгаа. М.Тулгат тэргүүтэй АН-ыг дэмжиж буйгаа илэрхийлсэн орон нутгийн АН-ын байр суурь одоогоор алга.

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэснээ албан ёсоор зарласан. Гэсэн ч АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарласан хэвээр байна.

Г.САНСАРМАА

Сэтгэгдэлүүд

Дээш