logo
“АСЕМ-ын Мэдээллийн төв” нээгдэж, сэтгүүлчид санамж бичиг байгууллаа

“АСЕМ-ын Мэдээллийн төв” нээгдэж, сэтгүүлчид санамж бичиг байгууллаа

2016/03/02

Улаанбаатар хотноо долоодугаар сарын 15, 16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, түүнийг угтаж зохиогдох дагалдах хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой “АСЕМ-ын Мэдээллийн төв” МОНЦАМЭ агентлагийн байранд нээгдлээ.

Гуравдугаар сарын 1 буюу “АСЕМ-ын өдөр”-ийг тохиолдуулан нээж буй энэхүү мэдээллийн төв нь АСЕМ-ын үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын зорилго болон Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахыг хүссэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй бөгөөд АСЕМ-тай холбоотой сургалт семинар, хэвлэлийн бага хурал зохиох зэргээр хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллана.

Харин АСЕМ-ын Дээд түвшний хурлыг сурвалжлах дотоод, гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-ийг  тухайн арга хэмжээний үеэр “Шангри Ла” зочид буудалд байгуулах юм.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг нээж хэлсэн үгэндээ, энэхүү дэлхийн хэмжээний үйл явдлыг эх орондоо амжилттай зохион байгуулахад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхны оролцоо, хувь нэмэр чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

BAL_8432 - Copy

Мөн энэ үеэр АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба (БАА) болон сэтгүүлчдийн мэргэжлийн холбоодын дунд Хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Уг Санамж бичиг нь АСЕМ-ын уулзалтын төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж, дэлхийн хэмжээний үйл явдлыг Монгол Улсад амжилттай зохион байгууллахад нэгдмэл байр суурьтайгаар үнэн зөв мэдээлэл түгээж, улс орныхоо нэр хүндийг өргөх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан хамтарч ажиллахаа бататгасан агуулгатай юм.

Санамж бичигт АСЕМ-ын БАА-ыг төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг, сэтгүүлчдийг төлөөлж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Өдөр тутмын сонины холбооны эрхлэгч Б.Ганболд, Монголын телевизүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбооны тэргүүн Г.Саруул нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын дараа АСЕМ-ын БАА-ны зүгээс сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Сэтгэгдэлүүд

Дээш