logo
Эдийн засгийн байнгын хороо 2015 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн байнгын хороо 2015 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2014/11/05

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн /2014.11.04/ хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, 2015 он улсын эдийн засагт онцгой жил болно. Эдийн засаг хямарсан нөхцөл байдалтай байгаа учир санхүүгийн онцгой дэглэмд шилжих хэрэгтэй хэмээгээд үндэслэлгүйгээр нэмсэн төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэн 2012 оны түвшинд байлгах нь зүйтэй гэлээ. Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд ажлын хэсэг дээр орон тоог хасах санал гараагүй ч гишүүд санал гаргавал санал хураалтаар шийдээд явах боломж бий гэж хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, цэцэрлэг, сургууль, эмнэлэг шинээр ашиглалтад орохоор түүнийг дагаад төсвөөс цалинждаг албан хаагчдын тоо нэмэгддэг хэмээгээд ирэх оны төсөвт хэчнээн албан хаагчийн тоо нэмэгдэн орж ирж байгаа вэ гэж асуусан. Ажлын хэсгийн хариулснаар, сургууль, цэцэрлэг шинээр баригдсантай холбоотой 980, хөрөнгө оруулалттай холбоотой 1000 гаруй, нийтдээ 2200 хүний орон тоо нэмэгдэж байгаа юм байна.


Сангийн яамнаас тайлбарласнаар, 2015 оны төсвийг боловсруулахдаа бүсээ хэрэндээ чангалсан бөгөөд урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, тэвчиж болох зардлыг хасах зэргээр нэлээд тооцоо хийж байж боловсруулсан юм байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс оруулж ирсэн болон, гишүүдээс гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа.

2015 оны төсвийн төслийн орлогын тооцоог 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд хүргэж, 40 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн саналыг ажлын хэсгээс оруулсан нь олонхын дэмжлэг авсан.

Түүнчлэн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 30 км, Улаанбаатар-Чойр чиглэлийн 20 км, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 45 км хатуу хучилттай авто замын их засварт зарцуулах санхүүжилтийг төсвийн төсөлд нэмж тусгах саналууд дэмжлэг авсан. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш