logo
Хууль зүйн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хууль зүйн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2014/11/05

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр / 2014.11.04/ үдээс хойш хуралдан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төсвийн төслийн талаар танилцуулсан. 2015 оны төсвийн төсөлд цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмжийн зардалд 2.5 тэрбум, хил хамгаалах байгууллагын тоног төхөөрөмжийн зардалд 3.5 тэрбум төгрөгийг тусгаад байгаа юм байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хууль сахиулахын их сургуулийн барилгын ажлыг дуусгах, Хан-Уул дүүрэгт баригдах шүүх, прокурорын байгууллагын цогцолбор байрыг барьж дуусгах хөрөнгө оруулалтын зардлыг хасахгүй байх нь их чухал байна хэмээн тайлбарлаж байлаа. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын урсгал зардлаас танаад ирэхээр цагдаагийн эргүүлийн машин, хилээ тойрч эргэх машин шатахуунгүй болоод ирдэг хэмээн учирласан.

Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байгууллагуудын төсөв багагүй танагдсан гэдгийг байгууллагын удирдлагууд нь хуралдааны үеэр хэлж байлаа. Тухайлбал Шүүхийн ерөнхий зөвлөл 2015 оны хөрөнгө оруулалтын зардалд 24.8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлсэн ч энэ зардал нь 750 сая болж буурсан аж. Улсын дээд шүүх урсгал зардалд 5.5 тэрбум, хөрөнгө оруулалтын зардалд 20.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэсэн санал өгсөн ч төсвийн төсөлд урсгал зардал нь 4.1 тэрбум, хөрөнгө оруулалтын зардал нь 905 сая болж буурч орж ирсэн байна. Үндсэн хуулийн цэц, УЕПГ, ХЭҮК-ийн төсөв мөн багагүй буурсан бөгөөд ХЭҮК-ийн төсөв 300 сая төгрөгөөр зөрүүтэй байгааг тус комиссын дарга Ж.Бямбадорж хэлж байсан юм. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт гэхэд сүүлийн гурван жил хөрөнгө оруулалтын зардал огт тавигдаагүй юм байна. Тус байгууллагын удирдлага ирэх оны төсөвт Замын-Үүдийн хилийн боомтод хурууны хээгээр мэдрэгч төхөөрөмж тавих зардал болох 550 сая төгрөгийг тусгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Тус газрын нэг шалгагч гэхэд өдөртөө 500-600 хүн шалгадаг бөгөөд энэ их ачаалал дээрх төхөөрөмжийг тавьснаар харьцангуй багасна гэсэн тайлбарыг хийсэн.

Үүний дараа гишүүд асуулт асууж саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, ил төсвөө ярьж байгаа энэ цаг үед далд төсвөө ч бас ярих цаг болсон хэмээсэн. Тэрбээр хүний эрхийг дээд зэргээр зөрчин, тагнаж чагнадаг явдал гарч байгааг хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүдийн утаснаас иргэд сонгогчид уруу мессэж явуулсан явдал харуулж байна гэж хэлсэн. Бүтэн өдөржин гар утсанд нь мессэж тасралтгүй ирж, гаднаас хүмүүс залгасан гэж эрхэм гишүүн хэлээд далд төсөвт хөрөнгө зарцуулдаг бол түүнийгээ кибер аюулгүй байдлыг хангах ажилд зориулах хэрэгтэй гэсэн санал хэлсэн юм. Түүнчлэн тэрбээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шаардлагатай байгаа хурууны хээгээр унших төхөөрөмжийг суурилуулах хөрөнгийг төсөвт тусгах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан нь олонхын дэмжлэг авсан. УИХ-ын гишүүн З.Энхболд 2015 оны төсвийн төсөлд тусгасан байгаа урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулан бүсээ чангалах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.

Гишүүд Хууль зүйн сайд, ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэлсний дараа гишүүдийн гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш