logo
Боловсролын салбарын асуудлаар олон иргэн  санал шүүмжлэл ирүүлжээ

Боловсролын салбарын асуудлаар олон иргэн санал шүүмжлэл ирүүлжээ

2013/08/31
Цэцэрлэгүүд хүүхэд нэмж бүртгэхгүй байна, сурагчдын дүрэмт хувцасны үнэ өндөр байна, их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө шалтгаангүй нэмлээ гэсэн гомдлыг иргэд “11 11 төв”-д олон ирүүлжээ. Эдгээр асуултад Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тухай бүрт хариу өгсөн байна. Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоодог учир санал хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргах хэрэгтэйг, сурагчийн дүрэмт хувцасны чанарын талаарх санал гомдлоо борлуулалтын цэгт тэр дор нь гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг яамнаас зөвлөжээ. Өмдөнд дотор оёх, хувцасны урт, өргөнөөс хасалт тайралт хийх гэх гэт бага хэмжээний засварыг эцэг эхийн хүсэлтээр сурагчийн дүрэмт хувцас борлуулж буй цэгүүдэд шуурхай хийж эхэлсэн байна.
Шинэ хуулийн дагуу тооцож эхэлсэн нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг сар сард нь биш бөөнөөр төлөх зохицуулалт оруулах, дүүргүүдийн нийгмийн даатгалын ажилтнуудын ажлыг илүү шуурхай болгох зөв зохион байгуулалт шаардлагатай байна гэж иргэд саналаа хэлжээ. Энэ асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаагаа Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу мэдээлсэн байна. 
Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн мөнгө орж ирэхгүй удаад байна, хаана яагаад саатсаныг тодруулж өгөөч гэж зарим иргэн хандсан бол УИХ-ын намрын чуулганаар цалин тэтгэвэр нэмэх асуудлыг оруулж шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж зарим нь сануулжээ.
Хот хөдөөгийн хаана ч эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанар ахихгүй, хүнд суртал буурахгүй байна гэсэн гомдол тасрахгүй хэвээр байна. Баянхонгор аймгийн иргэн яаралтай түргэн тусламж дуудахад очиж чадахгүй, өөрсдөө алхаж ир гэх мэтээр чирэгдүүлсэн талаар орон нутгаас мэдээлж, энэ мэт асуудлыг холбогдох яаманд дуулгасан ч ажил нь сайжраагүй гэжээ.
Зам тавих нэрийдлээр бусад хэсгийг нь эвдэн сүйтгэж, үүнээс улбаалан халуун, хүйтэн ус олон хоногоор тасарч, ухсан нүх, засварын ажил нь ая тух, аюулгүй байдал алдагдуулж байна гэж нийслэлийн иргэд бухимджээ. Энэ байдлыг таслан зогсоож, оновчтой зохицуулалт хийхийг хотын удирдлагуудаас хүссэнийг НЗДТГ-аар дамжуулан холбогдох сүлжээ байгууллагуудад нь шилжүүлэн хариу өгчээ.
Эдгээр болон цаг үеийн шинжтэй бусад асуудлаар өнгөрч буй долоо хоногт 1014 иргэн “11 11 төв”-д хандсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 

Сэтгэгдэлүүд

Дээш