logo
 НҮБ: Сирийн 2.5 сая иргэнд тусламж хэрэгтэй байна

НҮБ: Сирийн 2.5 сая иргэнд тусламж хэрэгтэй байна

2012/08/18
НҮБ-ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр Сирид нөхцөл байдал улам хурцдаж байгаа бөгөөд ойролцоогоор 2.5 сая хүнд тусламж үзүүлэх шаардлагатай байна. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж хариуцсан зохицуулагч Валери Амосын хэлснээр хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийн тоо сүүлийн таван сарын хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна. 
Амос мэдэгдэхдээ "Сирид гуравдугаар сараас хойш хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордсон. Нэг сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрсэн. Тэдгээр хүмүүс маш хүнд нөхцөлд амьдарч байна. Зөрчил мөргөлдөөний эдийн засагт болон ард иргэдийн амьдрал ахуйд үзүүлэх нөлөө нэмэгдэж байгаагаас болоод сая гаруй хүнд яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна" гэжээ. 
Өнгөрөгч лхагва гаригт Ливанд Сирийн дүрвэгсдийг хулгайлсан хэрэг гарсан байна. Ливаны Шийтүүд Сирид өөрсдийнх нь хамсаатнуудыг барьсны хариуд 20 гаруй хүнийг хулгайлжээ. Үүний дараа Арабын зарим улсууд Ливанд амьдарч байгаа иргэддээ тус улсаас нэн даруй явахыг анхааруулсан байна. 
Сирийн ерөнхий сайд асан Риад Хижаб Башар Асадын засгийн газрыг орхиж, Йордан руу дүрвэсэн. Хижаб Йорданы нийслэл Амман хотноо мэдэгдэл хийх үеэрээ Сирийн засгийн газар  санхүү, цэрэг армийн хувьд задран унаж байна, Башар Ассадын  дэглэм улсынхаа газар нутгийн 30 орчим хувийг хянаж байгаа хэмээн онцолжээ.
Сирийн хямрал хөрш Ливанд ч хагарал үүсгээд байна. Ливаны Сүнитүүд Сирийн босогчдыг дэмжиж байгаа бол Хезболла бүлэг тэргүүтэй Шийтүүд ерөнхийлөгч Асадыг дэмжиж байгаа юм. 
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар НҮБ Сирид үүрэг гүйцэтгэж байсан ажиглагчдаа эргүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш