logo
 Япон Хятад улсуудын хэрүүлийн алим буюу Сенкаку...

Япон Хятад улсуудын хэрүүлийн алим буюу Сенкаку...

2012/08/18
Японы эрх баригчид эзэмшлийн маргаантай арал дээр ирсэн Хятадын 14 иргэнийг эх орон луу нь буцаахаар болжээ. Ерөнхий сайд Ёшихико Нода тэдгээр хүмүүсийг буцаах саналыг хүлээн зөвшөөрсөн хэмээн Японы засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. 
Өнгөрөгч лхагва гаригт Хятадын иргэд Хонгконгоос Японы Сенкаку арал дээр ирсэн юм. Тэднийг бүгдийг нь баривчилсан ч удахгүй суллаж байгааг Японы талын зөрчил маргаан цаашид даамжрахаас сэргийлэх зорилготой алхам гэж үзэж байна. 
Ерөнхий сайд Нода засгийн газрын хуралдааны өмнө мэдэгдэхдээ "Тэдгээр хүмүүс бидний удаа дараагийн анхааруулгуудыг үл тоон манай Сенкаку аралд ирсэн нь үнэхээр харамсалтай хэрэг" гэжээ. 
Хятадын тал баривчлагдсан иргэдийг нь яаралтай суллахыг Японы талаас удаа дараа шаардсан байна. Мөн Бээжин, Шанхай, Хонгконг дахь Японы дипломат төлөөлөгчийн газруудын гадна хүмүүс цуглаж, эсэргүүцлээ илэрхийлжээ. 
Японоор Сенкаку буюу Хятадаар Дайоюу арал нь 2004 оноос хойш Японы хяналтанд байгаа. АНУ Хятад, Япон улсуудад хандан арлын эзэмшлийн маргаанаа энхийн аргаар шийдэхийг уриалсан байна. 
Хүн ам бараг оршин суудаггүй Сенкаку арал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой усан замтай ойролцоо оршдог бөгөөд газрын тосны баялаг нөөцтэйд тооцогддог аж. 
Үүнээс өмнө Хятад, Япон улсуудын хооронд аралтай холбоотой маргаан дэгдэж байсан юм. 2010 оны есдүгээр сард Сенкаку арлын ойролцоогоос Хятадын усан онгоцны ахмадыг баривчилж байжээ. Түүнийг арлын ойролцоо Японы эргүүлийн хоёр хөлгийг дайрсан гэж буруутгаад байсан юм. Гэхдээ Японы тал түүнд тулгасан хэргүүдийг эцэст нь хэрэгсэхгүй болгож, түүнийг сулласан байна. 
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш