logo
Өнгөрөгч сард зөрчлийн хэргийн гаралт буурчээ

Өнгөрөгч сард зөрчлийн хэргийн гаралт буурчээ

2022/11/11

Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын байдлаар 205588 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 9 дүгээр сартай харьцуулахад 12 хувиар буурчээ.

Нийт зөрчлийн хэргийн 74 хувь нь Нийслэлд, 26 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг Цагдаагийн байгууллага, 0.14 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.98 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 204149 хүн, 286 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 11.8 хувиар, хуулийн этгээд 6.3 хувиар тус тус буурчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77.3 хувь нь эрэгтэй, 22 хувь нь эмэгтэй байгаа бол 64.2 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 10 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 9 дүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна. Тодруулбал, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 18.1 хувиар, Хулгайлах зөрчил 14 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 11.2 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 6.8 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 1.5 хувиар тус тус өсжээ.

Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 80 хувиар, Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил 50 хувиар, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 43.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 13.6 хувиар, , Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 4.7 хувиар, Хүний биед халдах зөрчил 0.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: УЕПГ

Сэтгэгдэлүүд

Дээш