logo
МЗХ-ноос 2022 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлалаа

МЗХ-ноос 2022 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлалаа

2022/02/22

Монголын Залуучуудын холбооны Удирдах хорооны 6 дугаар хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрчээ. Тус хурлыг МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од даргалан явуулсан бөгөөд Удирдах хороо, Хариуцлагын хороо, Гүйцэтгэх хорооны гишүүдийн төлөөлөл оролцож, холбооны үндсэн дүрмийг дагаж гарах зарим журмууд болон Гүйцэтгэх хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. Мөн холбооны дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, салбар нэгжүүдийн хуралдааны хуваарь болон өмч ашиглалтын нөхцөл байдал, төсөв санхүүгийн асуудлаар Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

МЗХ-ны Гүйцэтгэх хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг “Хөдөлмөрч монгол залуус”, “Эрүүл монгол залуус”, “Манлайлагч монгол залуус”, “Идэвхтэй монгол залуус”, “Эко монгол залуус” зэрэг 6 дэд бүлэг, 68 багц ажлыг 177 төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж хэлэлцэн батласан бөгөөд 2022 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлажээ.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд Монголын Залуучуудын холбооны төв байранд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”, “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төв”, “Залуучуудын хөгжлийн хүрээлэн”, “Залуучуудыг дэмжих сан” зэргийг нээж ажиллуулахаар төлөвлөсний зэрэгцээ “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” сэдэвт төрийн болон төрийн бус байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, “Хөдөлмөр зуслан”, “Илгээлтийн эзэн” зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Монголын Залуучуудын холбооны Гүйцэтгэх хороо

Сэтгэгдэлүүд

Дээш