logo
ҮАБЗ дээр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар “муудалцжээ”

ҮАБЗ дээр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар “муудалцжээ”

2021/05/06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.05.05/ 17:30 цагт ҮАБЗ-ийн хуралдааныг шуурхай зарласан юм. Энэ талаар ЕТГ-аас гаргасан албан мэдээлэлдээ “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн бус аргаар зохион байгуулахаар эрх баригч буюу 62 суудалтай Монгол ардын намтай хуйвалдан улайрч буй” агуулгыг хэлэлцэнэ гэсэн байв.

ҮАБЗ-ийн хуралдаан товлосон цагаасаа нэлээд хоцорч эхэлсэн бөгөөд гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна. Хуралдааны үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох үндсэн зарчим хуулийн дагуу явагдах боломж саарч, нэг нам хэт ноёрхох хандлага гаргасаар буйг буруутгасан байр суурь илэрхийлсэн аж.

Улмаар О.Цогтгэрэлийн тэргүүлсэн АН-аас нэр дэвших Н.Алтанхуягийг СЕХ бүртгэх ёстой. Үндсэн хуулийн бус аргаар эрх баригч нам асуудалд хандаж, сонгогчдын сонгох эрхэнд халдаж байна гэх агуулгаар дуугарчээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ҮАБЗ шүүх байгууллага биш, Сонгуулийн ерөнхий хороо ч биш учир ийм асуудлыг хэлэлцэх ёсгүй. АН дотооддоо эхлээд учраа олох хэрэгтэй гэх байр суурь илэрхийлж, тэд “муудалцсан” байдалтай хуралдаан өндөрлөжээ.

Уг хуралдаанаар аливаа төрийн байгууллагад хандсан зөвлөмж гараагүй бөгөөд протоколд ҮАБЗ-ийн гишүүдийн байр суурийг тэмдэглэх хэмжээнд өрнөсөн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш