logo
Дэлхийн мөнгө угаахтай тэмцэх хүчний дараагийн давалгаа

Дэлхийн мөнгө угаахтай тэмцэх хүчний дараагийн давалгаа

2021/03/22
Санхүүгийн үйлчилгээний салбарт хүчтэй шуурга дэгдэж байна. Хууль тогтоомжийн нарийн төвөгтэй шаардлага, хуучин тогтолцоо, үйл ажиллагааны хуучирсан загвар, дижитал инноваци, финтек (санхүүгийн технологи) нь дэлхийн хэмжээний санхүүгийн олон байгууллагуудыг хурдацтай өөрчилж байна.

Нэмж гарсан зохицуулалт, геополитикийн өөрчлөлт, мэдээллийн хэрэглээтэй холбоотой мөнгөн торгууль зэрэг нь мөнгө угаахтай тэмцэх эрсдэлийн менежментийг авч хэрэгжүүлэхийг дэлхийн хэмжээний санхүүгийн байгууллагуудаас шаардах болсон.

Аливаа санхүүгийн байгууллагын хувьд оролцоо их байдаг. Дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй зохицуулалтын арга хэмжээний улмаас мөрдөн шалгалт нэмэгдэж, торгууль тавигдаж, лиценз цуцлагдаж, дээд түвшний удирдлага, зохицуулагчид огцрох гэх мэтээр гол хүмүүс биечлэн хариуцлага хүлээх болжээ.

Санхүүгийн байгууллагуудын мөнгө угаасан гэмт хэрэгт оногдуулсан торгуулийн өсөлт 2020 онд 14 тэрбум гаруй долларт хүрсэн байна. Дэлхийн янз бүрийн зохицуулах байгууллагууд хууль тогтоомжид томоохон өөрчлөлт оруулж байгаа нь санхүүгийн байгууллагуудын дарамтыг нэмэгдүүлж байна. Мөнгө угаахтай тэмцэх шинэ зохицуулалт нь Санхүүгийн үйл ажиллагааны ажлын хэсэг (ФАТФ) -аас гаргасан дэлхийн стандартад нийцэж байгаа.

Дэлхий нийт мөнгө угаахтай тэмцэхэд анхаарал хандуулж, санхүүгийн байгууллагууд давтан болон шинээр алдаа гаргасан тохиолдолд шийтгэл ногдуулсан хэвээр байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, торгуулийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Зохицуулалтыг өөрчлөхийн зэрэгцээ зохицуулалтанд тавигдах хяналтыг нэмэгдүүлснээр мөнгө угаахтай тэмцэх эрсдэлийн менежментийг  сайжруулах шаардлага тулгарч байна.

АНУ-ын 2020 онд батлагдсан Мөнгө угаахтай тэмцэх тухай хууль нь тус улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй тэдний хамтрагчид, харилцагчдад шинэ эрин үеийг эхлүүллээ.

Шинээр мөрдөгдөж эхэлсэн энэхүү хууль нь 2001 онд батлагдсан Терроризмыг таслан зогсоох, хориглоход шаардагдах зохих арга хэмжээг хэрэгжүүлэн Америкийг нэгтгэн, хүчирхэгжүүлэх тухай 2 дахь хуулиас хойш мөнгө угаахтай тэмцэх ажилд хамгийн их нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд үүний үр дүнд Банкны нууцын тухай хуульд нэлээд шинэчлэлт хийсэн байна.

АНУ-ын Мөнгө угаахтай тэмцэх тухай хууль нь одоогоор үйлчилж байгаа холбогдох дүрэм, журамд ихээхэн өөрчлөлт оруулсан боловч дараах гурван гол өөрчлөлт байгаа бөгөөд эдгээр нь ирэх саруудад компаниудын дээд түвшний удирдлагын зүгээс анхаарал хандуулах асуудал болж байна. Үүнд:

  • Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн үйлдэлд ногдуулах шийтгэлийг чангатгах,
  • Одоогийн мөнгө угаахтай тэмцэх мэдээлэгчийг идэвхжүүлэн, дэмжих,
  • АНУ-ын зохицуулах байгуулага гадаадын санхүүгийн байгууллагуудаас баримт бичиг авах эрх мэдлийг нэмэгдүүлэх.

Европын Холбоо (ЕХ)-ны хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын зохицуулах байгууллагуудын санаачлага, оролцооны үр дүнд мөнгө угаасан хэргүүд, хууль сахиулах ажиллагааны тухайд нэлээд асуудалтай тулгарч байна. Европыг донсолгосон банкны янз бүрийн дуулианыг дагаад ЕХ бүс нутгийн хариу арга хэмжээг илүү нягт уялдуулж, хянахыг оролдож байна.

ЕХ 2021 онд Мөнгө угаахтай тэмцэх 6 дахь удирдамжийг нэвтрүүлснээр томоохон өөрчлөлтүүд гарах болно. Санхүүгийн байгууллагууд болон тэдгээрийн удирдах зөвлөл мөнгө угаахтай тэмцэх үр нөлөөтэй хяналт, тогтолцоог хангаагүйн улмаас анх удаа эрүүгийн хариуцлагад татагдаж болзошгүй юм. Гэхдээ ЕХ-ны хэмжээнд мөнгө угаахтай тэмцэх асуудлыг хянах ерөнхий зохицуулах байгууллага дутагдалтай байгаа тул санхүүгийн байгууллагууд өөр өөрсдийн улсын хууль тогтоомж, гишүүн орнуудын зохицуулагчдын янз бүрийн түвшинд боловсруулсан зохицуулалтын дунд зүг чигээ алдаж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш