logo
ШХАБ-ын гишүүн орнуудын Хэвлэл Мэдээллийн Хамтын Ажиллагааны Анхдугаар Форум 2025

ШХАБ-ын гишүүн орнуудын Хэвлэл Мэдээллийн Хамтын Ажиллагааны Анхдугаар Форум 2025

2025/06/18
Харилцаа холбооны шинэ гарц нээсэн Форум

 Форумын гол зорилго нь бүс нутгийн хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагааны шинэ гарцыг нээж буй явдал хэмээн зохион байгуулагчид илэрхийлсэн юм.

Тиймдээ ч "Ирээдүйд сайн гэр бүлийг бүтээхийн төлөө хамтдаа цэцэглэн хөгжицгөөе" гэх утга бүхий уриан дор зохион байгуулагдсан энэхүү форумд 26 орны ШХАБ-ын гишүүн улс, ажиглагч улс, харилцан ярианы түнш орнуудаас ирсэн 300 гаруй төлөөлөгч оролцсон.



Форумын зорилго, ач холбогдлыг ШХАБ-ын Дэд нарийн бичгийн дарга С.Хан “Бүс нутгийн хэвлэл мэдээллийн салбарт шинэ эрин үеийг нээх чухал үйл явдал” хэмээн онцолж, "Энэ нь маш олон боломжийг авчрах төдийгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан гүнзгий харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх маш чухал боломж юм" хэмээн тодруулсан. Форум нь ШХАБ-ын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хэвлэл мэдээллийн салбарын чуулга уулзалт бөгөөд гишүүн орнуудын хоорондын ойлголцол, нэгдлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээрээ онцлог хэмээн нэмж хэлсэн юм.



Форумд оролцогчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд ШХАБ-ын хамтын ажиллагааны зорилго, чиглэлийг олон нийтэд тодорхой тайлбарлах, үнэн зөв, төвийг сахисан мэдээлэл өгөх, ШХАБ-ын хамтын ажиллагааны ололт, амжилтыг түгээх, "ШХАБ-ын нэгдлийн гол зорилго"-ыг дэлгэрүүлэх, хөгжлийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, ШХАБ-ын орнуудын ард түмний харилцан ойлголцол, нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд санал нэгдэж байгаагаа гишүүн орнуудаас оролцсон төлөөлөл илэрхийлж байлаа.

Х
өгжлийн хэтийн төлвийн талаарх олон нийтийн санал асуулга

Форумын үеэр Хятадын Ардын Өдрийн сонины Олон улсын мэдээллийн хэлтэс, Global Times Institute-ын хамтын ажиллагааны хүрээнд “ШХАБ-ын гишүүн орнуудад хөгжлийн хэтийн төлвийн талаарх олон нийтийн санал" нэртэй судалгааг хийсэн тайланг танилцуулсан. Тайланд дараах дүгнэлтүүдийг тусгажээ.

Тухайлбал:

- ШХАБ-ын гишүүдийн 80 гаруй хувь нь байгууллагын дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаанд оруулж буй эерэг хувь нэмрийг хүлээн зөвшөөрсөн байна
- ШХАБ-ын гишүүдийн 70 гаруй хувь нь ШХАБ-ын хүрээнд дэлхийн хөгжлийн бодлогын удирдлагад оролцох илүү олон боломжтой болсон гэж үзсэн
- ШХАБ-ын гишүүдийн 60 гаруй хувь ШХАБ нь өөрсдийн улс орны тогтвортой, орчин үеийн хөгжилд хувь нэмэр оруулдаг гэж үзсэн
- ШХАБ-ын гишүүдийн 90 гаруй хувь Хятадын хөгжлийн туршлага гишүүн улс орны хувьд сургамжтай гэж үзсэн
- ШХАБ-ын гишүүдийн 90 гаруй хувь Хятадтай хамтран ажиллах нь гишүүн орнуудын хөгжилд ашигтай гэж үзсэн байв
 


Технологийн шинэчлэл, хамтын ажиллагааны
санаачлага

Хятадын Олон Улсын Харилцаа Холбооны Бүлгийн (CICG) Дэд ерөнхийлөгч Юнь Цюань хэвлэл мэдээллийн байгууллагуудыг богино видео буюу reel, дижитал платформ зэрэг шинэлэг форматаар нөлөөллийн ШХАБ-ын түүхүүдийг өгүүлэх, түүнчлэн бүс нутгийн хэмжээнд тохируулсан олон хэлээр яриа өрнүүлэх, хиймэл оюу ухаанаар бүтээсэн контентын платформуудыг хамтдаа бүтээхэд илүү их ойлголцол, хамтын ажиллагааг бий болгох нь чухал болохыг уриалсан.


 
Төв Ази, Еврази, Өмнөд Ази, Ойрхи Дорнодыг холбогч Шиньжян-Уйгур

Стратегийн өндөр ач холбогдол бүхий Форумыг Шиньжян-Уйгурын Өөртөө Засах Орны төв Өрөмчид зохион байгуулсан нь санамсаргүй хэрэг биш юм. ШХАБ-ын Дэд нарийн бичгийн дарга С.Хан Шиньжяныг "Төв Ази, Еврази, Өмнөд Ази, Ойрхи Дорнодыг холбосон чухал төв" хэмээн тодорхойлж, "Ийм чухал газар ийм чухал үйл явдлыг зохион байгуулах нь цаг үеэ олсон маш оновчтой сонголт" байсныг онцолсон юм. Мөн тэрээр Шиньжяныг "миний хоёр дахь гэр" хэмээн нэрлэж, ард түмэн, орон нутгийн Засгийн газрын халуун дотно хүлээн авсан явдалд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.



Хамтын ажиллагаа ба эдийн засгийн өсөлт

Харин зохион байгуулагч Шиньжян-Уйгурын Засгийн газрын төлөөлөгчид тавьсан илтгэл, хэлсэн үгэндээ гишүүн орнуудын хамтын ажиллагааны үрээр эдийн засгийн өсөлт бий болсон талаар статистик мэдээллээс иш татан, цохон дурдсан. Тодруулбал, 2022-2024 онд Шиньжяны гадаад худалдааны нийт хэмжээ 400 тэрбум юань (55.5 тэрбум ам.доллар)-аас давсан бөгөөд үүний 75 гаруй хувь нь ШХАБ-ын орнуудтай хийсэн худалдаа байсан. Энэ нь Шиньжяныг бүс нутгийн эдийн засгийн нэгдлийн чухал гүүр болохыг харуулж байна хэмээн дүгнэсэн байв.


 
Ирээдүйн хамтын ажиллагааны чиглэл
Форумд оролцогчид ирээдүйд хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах дараах чиглэлүүдийг тодорхойлсон.

Тухайлбал:
- Олон улсын хамтарсан сурвалжлага хийх, нөөц боломжоо хуваалцах
- Шинэ медиа, дижитал технологийн шинэлэг хамтын ажиллагааг эхлүүлэх, бэхжүүлэх
- Хамтран бүтээсэн баримтат кино, олон хэлээр агуулга үүсгэх платформуудыг бий болгох
- Бүс нутгийн эдийн засгийн нэгдэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн анхаарлыг  хандуулах хэмээн тодорхойллоо.

Түүнчлэн ШХАБ-ын хөгжлийн талаар ноён С.Хан форумын үр дүнд хэвлэл мэдээллийн салбарт ШХАБ-ын механизм бий болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, "Бид ирээдүйд ШХАБ хэвлэл мэдээллийн агентлагтай болох ёстой бөгөөд бүх гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, тогтмол харилцан яриа өрнүүлж, үзэл бодлоо солилцож, хамтран ажиллаж, ирээдүйд зорилготой хамтарсан ойлголцолд хүрч чадна" гэж тодорхойлсон.
 


Оролцогчдын Шиньжян мужтай танилцав

Форумын дараах үйл ажиллагааг “Шиньжян мужид хийсэн аялал” сэдвийн хүрээнд зохион байгуулж, бүс нутгийн хөгжил, соёлын олон талт байдлыг харуулах зорилгоор оролцогчдыг Юнинг, Куча хотуудаар зочлуулсан. Тэд Шиньжяны Ислам Сутрын Коллеж, Шиньжян-Уйгур Автономит Мукам Урлагийн төв, Шиньжяны Олон Улсын Худалдааны төв зэрэг соёлын дурсгалт газруудаар аялсан.



Түүнчлэн “Хоргосын хилийн хамтын ажиллагааны олон улсын төв”-д зочилсон бөгөөд энэ нь Шиньжян мужийн Хоргос дахь Хятад-Казахстаны хилийн хамтарсан төсөл юм. Энэхүү худалдаа, аялал жуулчлалын бүс нь “Шелковын замын шинэ эриний санаачилга”-ын нэг хэсэг бөгөөд 2012 оноос ажиллаж эхэлсэн байна. Нийт  5.6 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг бөгөөд хилийн чанадад татвараас чөлөөлөгдсөн дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулдаг байна.
 
Шинэ түүх эхлүүлсэн ШХАБ-ын медиа форум



ШХАБ-ын Хэвлэл Мэдээллийн Хамтын Ажиллагааны Анхдугаар Форум 2025 нь бүс нутгийн харилцаа холбооны салбарт чухал ач холбогдолтой, түүхэн үйл явдал болсон хэмээн дүгнэж болохоор байна. Форум нь зөвхөн мэдээллийн урсгалыг хөнгөвчлөх төдийгүй ШХАБ-ын орнуудын хоорондын харилцан ойлголцол, нэгдлийг бэхжүүлэх үүрэгтэй хэмээн зохион байгуулагчид дүгнэсэн. Харин оролцогчид "ШХАБ-ын үзэл баримтлал"-ыг баримтлан, нээлттэй харилцаа, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг эрхэмлэсэн энэхүү форум нь гишүүн орнуудын хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих шинэ замнал нээсэн гэж дүгнэлээ.



Шиньжян мужид зохион байгуулагдсан энэхүү форум нь бүс нутгийн хамтын ажиллагааг нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бүс нутгийн хөгжлийн бодит байдлыг нүдээр харах боломжийг олгосон, хэвлэл мэдээллийн салбарт илүү гүнзгий, өргөн хүрээтэй хамтын ажиллагаа бий болох эхлэл тавигдсанаараа онцлог төдийгүй ШХАБ-ын орнуудын харилцан ойлголцол шинэ түвшинд гарна гэдэгт эргэлзэхгүй байгааг зохион байгуулагчид болон гишүүн орнуудын төлөөлөл илэрхийлсэн юм.










АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш