logo
ОХУ-д: Монголын иргэн байсан ч болоосой!

ОХУ-д: Монголын иргэн байсан ч болоосой!

2021/01/25
Монголд хэзээ ч Ерөнхий сайд нь өөрийн хүсэлтээр огцорсон цочир тохиолдол гарч байгаагүй. Тэр шокноос гараагүй байхад алтан хөрш ОХУ-д цуст бослогын дуулиан гарч дэлхий даяар цочирдож байна. Сүүлийн 20 жилд ийм үйл явдал ОХУ-д болж байгаагүй. 145 сая хүн ам бүхий улсад хот тус бүрт 30-60 мянган хүн жагсаж 1614 хүн баривчлагдаад байгаа тоо жижиг санагдаж магадгүй. Хэвлэлүүд нь илт дарж мэдээллэхээс гадна интернэтийн сүлжээ асуудалтай болж эхэлсэн байна. Хэрэв У.Хүрэлсүх Ерөнхий сайд ард иргэд өөрсдийн сэтгэлийн дуудлагаар жагсаж эхэлсэн үйл явдлыг эергээр эргүүлээгүй бол бид ч бас гашуун үйл явдлын гэрч болохыг үгүйсгэх аргагүй байлаа. ОХУ-д “Монголын иргэн байсан ч болоосой” гэсэн дуу хоолой гарч эхэлсэн байна.

Өөрийнх нь тухай баримтат киног дэлхий даяар 76 сая хүн үзсэн, бүх нөхцөл байдал түүний болон түүний тойрон хүрээлэгчдийн эсрэг байгаа үед Путин ард иргэдийг хүчлэн барьсан хэвээр байна. Тэр буулт хийх үү? Дэглэм нь ганхаж эхэлсэн ч байр сууриа хамгаалахаар баттай зогсож байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд Кремлийг шүүмжлэгч сөрөг хүчний идэвхтэн А.Навальныйгийн эхнэр Юлия Навальная, Навальныйгийн “Авилгатай тэмцэх сан”-гийн хуульч Любовь Соболь нар байна. Алексей Навальный бол Оросын номер нэг оппозиционер гэгдээд байгаа залуу. ОХУ тоталитар дэглэмтэй учир сөрөг хүчин жинхэнэ утгаараа оршин байх боломжгүй учраас түүнийг сөрөг хүчний удирдагч гэж шууд нэрлэх авцалдаагүй. Навальный хуульч мэргэжилтэй бөгөөд Авилгатай тэмцэх сан (Фонд борьбы с коррупцией) гэдэг байгууллагын тэргүүн юм. Уг фонд нь ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон түүний гэр бүлийн гишүүд тойрон хүрээлэгчид хэрхэн улс орноо тонон дээрэмдэж ер бусын баян амьдардаг талаар сурвалжлан баримтат нэвтрүүлгүүд хийдэг.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тухай “Он вам не Димон” баримтат нэвтрүүлэг гарсны дараахан Медведевийг Ерөнхий сайдаас нь буулгасан. Маш олон нэвтрүүлэг нь үнэн баримтыг үзэгчдэд ил болгосон тул гавьяатай гэхээс яах вэ. Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө цацагдсан “Дворцец Путина” баримтат нэвтрүүлэг нь хамгийн их дуулиан тарьж байна. 2020 оны найман сард Алексей Навальныйг хордуулан алахыг завдсан. Берлиний Шаримте эмнэлэгт зөөвөрлөн эмчлүүлж эдгээсэн байна. Эдгэрээд Орос руугаа буцна гэсээр байгаад буцжээ. Түүнийг ирэх үед дэмжигчид нь олноор цугласан байсан тул Внуково нисэх буудалд буулгалгүй Шереметево буудалд буулгажээ.

Ленинградын өргөн чөлөөний хөдөлгөөний хааж баривчлан цагдаагийн хэлтэс дээр шүүх хурал хийж түүнийг хорьжээ. Хэдийгээр ард иргэд хүчтэй эсэргүүцэж тэмцэж буй ч тэдний баатар суллагдах эсэх, Путин ерөнхийлөгч буулт хийх эсэх бүрхэг хэвээр байна. Эрх мэдэл, улс төрийн талбар ээдрээтэй. Мөнхийн суудал, мөнхийн эрх ашиг гэж энэ ертөнцөд үгүй. Эцсийн эцэст иргэдээ хамгаалах, өөрсдийн эрх ашгийн төлөө хэзээ ч иргэдээ зольж болохгүй нь энэ үйл явдлын сургамж юм. Хэдийгээр бид өдөр болгон улстөржиж талцаж хэрэлдэж уралцдаг ч цагаа тулахад нэг толгой, нэг сэтгэлээр хэрхэн нэгдэж ард иргэдийнхээ талд шийддэг болохоо саяхны үйл явдлаар харуулж чадлаа. Монголын улс төрд шинэ соёл тогтжээ. Хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн эвлэлдэх үедээ эвлэлдэж чаддаг байх нь улстөрч хүний жинхэнэ мөн чанар юм.

Сэтгэгдэлүүд

Дээш