logo
Үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчид мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөлд Засгийн газраас санал авна

Үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчид мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөлд Засгийн газраас санал авна

2021/01/20

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2020 оны 12  дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх болон Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх горимын санал гаргалаа. Энэхүү горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ш.Адьшаа улсын төсөвт  орлого, зарлага гаргах асуудал төдийлөн үүсэхгүй, халдвар авсан албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир цар тахлын голомтод, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын урамшууллыг нэмэгдүүлсэн шиг санаж байна. Мөн албан үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн хувь хүний хариуцлагаас болсон уу гэдгийг тооцож  тэтгэмж өгөх эсэх асуудал яригдах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, зарим аймгуудын нэгдсэн эмнэлэг зэрэг 23 эрүүл мэндийн байгууллагын 531 эмч ажилтнуудад 2.1 тэрбум төгрөгийн тэтгэлэг өгөөд байгаа талаар гишүүдэд мэдээлэл өгөв.

Ингээд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн гаргасан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх горимын саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ажиллах юм.

Сэтгэгдэлүүд

Дээш