logo
“Талант менежмент” хөтөлбөрөөр ирээдүйн удирдагчдын залгамж халааг бэлдэнэ

“Талант менежмент” хөтөлбөрөөр ирээдүйн удирдагчдын залгамж халааг бэлдэнэ

2020/09/18
Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийн хүрээнд “Манлайлал, авьяас чадвар”-ын сургалт, уулзалт “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр боллоо. “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн нэг хэсэг нь энэхүү анхан шатны удирдагчдын дунд болсон “Талант менежмент” буюу авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, үнэлэх дүгнэх уулзалт, сургалт юм.

Тус уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Маркетингийн хэлтсийн дарга, хөтөлбөр хэрэгжүүлэх багийн ахлагч Д.Дашдорж “Манлайлал, авьяас чадвар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажлууд, гарах үр дүнгийн талаар илтгэл тавьсан бол ”Баян түмэн консалтинг” компанийн захирал, менежментийн зөвлөх магистр Н.Батчулуун “Монгол манлайлал” сэдвээр лекц уншлаа. Мөн хөтөлбөрт оролцож буй багууд хоорондоо танилцах, санал бодол, зорилгоо тодорхойлох зэрэг мэдлэг, мэдээллээ солилцов. 

    Эрдэнэт үйлдвэрт удирдах ажилтнуудын манлайлал хамгийн чухлаар тавигддаг тул сүүлийн жилүүдэд ажилтнуудын манлайллыг хөгжүүлэх чиглэлээр бодлого хэрэгжүүлж, олон төрлийн үйл ажиллагааг идэвхжүүлж байна. 2018 онд манлайллын хөтөлбөрийг анхан шатны удирдах ажилтнуудын дунд “Мастерын манлайлал” нэртэйгээр хэрэгжүүлсэн. Харин энэ жилийн тухайд “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” боловсруулж, бүх шатны удирдлагуудад чиглэсэн өргөн хүрээнд зохион байгуулна. “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-өөр дамжуулан удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадвар, ажлын гүйцэтгэл дээшилснээр үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт, үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл хэрэгжүүлэх багийнхан онцолсон. Мөн “Мэдлэгийн менежмент”-ийн соёл төлөвшиж, мэдлэгийн хөгжүүлэлт, ашиглалтын үр дүн дээшлэхийн зэрэгцээ удирдах албан тушаалтныг бэлтгэх, сонгон шалгаруулах карьер менежмент хөгжинө. Түүнчлэн түлхүүр ажилтныг тодруулах шалгуур үзүүлэлт, тодорхой бодлоготой болох боломж бүрдэх юм. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сэтгэгдэлүүд

Дээш