logo
Мэлхий хад буюу "Мөнгөт цохио" -ны домог

Мэлхий хад буюу "Мөнгөт цохио" -ны домог

2020/07/06

Хан Хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт Улаанбаатараас 65 км-т Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нэн сонин тогтоцтой мэлхийн хэлбэртэй "Мэлхий хад" хэмээх өндөр цохио байдаг юм. Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь "Мөнгөт хад", "Мөнгөт цохио" гэж нэрлэдэг байжээ.

Зуун модны тулалдаанд Зүүн гар (Ойрд Монгол)-ын Галданбошигт хаан Манжид ихээхэн хохирол учруулсан боловч хүч тэнцвэргүй тулалдаанд хохирол амсан бүслэлтээс гаран зугтаж, "Мэлхий хад"-ны орчим үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, авч явсан тэмээ, мөнгөө "Мэлхий хад"-ны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжаас өгсөн хатан нь алт, мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш "Мэлхий хад"-ыг Их хааны мөнгийг хадгалж байгаа хэмээн хүндэтгэж “Мөнгөт цохио", "Мөнгөт хад” гэж нэрлэдэг байжээ.

Их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан "Мөнгөт цохио"-г үеэс үед хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа өгөхийг даатгаж, хурайлж баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлж ирсэн гэж хөгшид ярьдаг юм. Галданбошигт хаан баруун тийш явж "Мэлхий хад"-ны хойдох уулаар давж явахад дуулга нь наранд гялалзан ид, шидтэй мэт харагдсан тул тэр давааг "Гялалзах" гэж нэрлэх болжээ. Одоо ч гэсэн "Гялалзах" хэмээн нэрлэдэг юм.

Уулын орой дээр гарч ихэд хилэгнэн уурлаж, мориноосоо буун сэлмээ сугалан дэвхэрч, Халх, өвөрлөгчдийн ноёд Хамаг Монголын төлөө хамтдаа тэмцэхгүй харийн дайсантай үгсэн хуйвалдаж, эх орноосоо урвалаа хэмээн газар цавчжээ. Уулын орой дээр тэгш газар байх бөгөөд түүнийг үүнээс хойш өдийг хүртэл нутгийн ардууд “Дэвхэргэ” хэмээн нэрийдэх болжээ.

Монголын ард түмэн эх оронч баатарлаг хөвгүүдээ эх орныхоо газар шороотой холбон домоглож тэдний алдар гавьяаг үеийн үед ам дамжуулан ярьж үлдээдэг юм. Энэ нь эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, газар шорооныхоо төлөө, тусгаар тогнолын төлөө тэмцэх эх уриа дуудлага болсоор ирсэн юм.

“Буурал дээдсийн нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн Галдан хааны гэрээслэл өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Үе үеийн эх орончдын халуун амь, бүлээн цусаар олдсон асар их үнэтэй тусгаар тогтнолоо нандигнан хайрлаж явах нь залуусын эрхэм нандин үүрэг юм.

Их хааны үлдээсэн мөнгийг авах гэж олон удаа оролдоод дийлээгүй гэдэг. Өвөл үхэр алаад нойтон гуяыг сураар оосорлоод хавцлын ёроолд буй мөнгөн дээр тавиад дээш татахад мөнгө гуянд наалдан хавцлын аман дээр ирээд шар, шархийн доош уначихдаг байжээ. Их хааны мөнгө одоо ч хадгалагдсаар байгаа, түүнийг авах гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтдэг байсан хэмээн домоглон ярилцдаг юм.

Их хааныхаа мөнгө, алт эрдэнэсээ сахин мөнхөд нойрссон хатан нь “Хүүхэн уул” болон Монгол орны эх сайхан байгалийг чимэн сүндэрлэсээр байдаг гэж ярилцдаг. "Мэлхий хад"-ны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул байх бөгөөд түүнийг "Хүүхэн уул" гэж нэрлэдэг байна. "Хүүхэн уул"-наас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй бөгөөд хад, чулууг нь ч хөндөж болдоггүй ихэд догшин уул гэх бөгөөд эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг юм. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш