logo
Тэнцвэргүй тулааны хамгаалалтгүй хамгаалагч

Тэнцвэргүй тулааны хамгаалалтгүй хамгаалагч

2020/04/16

/Хүний эрхийн төлөө тэмцэгч Бат-Өлзийн Нямжавын тухай хөрөг/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хорооны 10 гаруй иргэд өнөөдөр зорьсон хүнтэйгээ уулзаж, бүдэг бүрхэг, эргэлзэж тээнгэлзсэн асуудлуудаа тодруулж авлаа. Төр өмчийнх нь газар дээр сургууль, цэцэрлэг барихаар  шийдсэн учраас тэд  газраа чөлөөлөх шаардлагатай болжээ. Гэтэл төрдөө итгэж газраа чөлөөлж өгснийхөө хариуд сууц ч үгүй, хашаа ч үгүй, мөнгө ч үгүй болж, нүүдлийн амьдралд шилжсэн айл өрх олон бий. Тиймээс л хаширсан иргэд хамгийн туршлагатай, найдвартай ТББ-ыг зорьж, зөвөлгөө авахаар ирсэн хэрэг.   

“Иргэдийн газрыг чөлөөлж авахдаа төр нэг ч иргэнийг ядууралд өртүүлэхгүй, орон байртай байх эрхийг нь зөрчихгүй байх үүрэгтэй. Ийм үүрэг хүлээж ОУ-ын гэрээ конвенцид Монгол Улс нэгдсэн байдаг. Иргэд өөрсдөө аль болох хэлэлцээ хийж, зөвшилцөх ёстой” гэх зэргээр асуудлыг хэрхэн тохиролцох, өргөдлөө хууль журмын дагуу шат дараатай хэрхэн гаргаж, хэнд хандах гээд нөхцөл байдлаа хамтаараа хуулийн дагуу шийдүүлэх арга замыг  “Газрын эзэн баян зүрх” нөхөрлөлийн тэргүүн Б.Нямжав тэдэнд нэг бүрчлэн зөвлөж зааварлав.

Гэтэл таван жилийн өмнө өмчийнхөө, эрхийнхээ төлөө ингэж эвлэлдэн нэгдэх нь байтугай газраа төрд, төрийн нэр барьсан компанид алдсан зарим нь ингэх л ёстой юм байх хэмээн төрж өссөн газраасаа нулимстай туугдаж, зарим нь асууж, сураглаж, өмчөө хамгаалсныхаа төлөө шүүх, цагдаагийн хаалга татсан түүх дуусаагүй. Дээр нь “үр хүүхэд, үндэстэй юутай чинь  тоглож чадна шүү” гэсэн дарамтанд ч нэг бус удаа өртөв. Энэ гашуун түүхийг “Газрын эзэд баян зүрх” нөхөрлөлийг үүсгэн байгуулсан гишүүдийн хамтаар Б.Нямжав ч биеэрээ амссан байдаг юм.

ТӨРИЙН АЛБАНААС ТАТГАЛЗАЖ, ТББ РУУ ШИЛЖИВ

2014 оны хавар “Автобус 3” компанийн тамгын газрын дарга Б.Нямжав дээр өөрийнх нь өссөн офицерүүдийн ордны хонхор хавийн хөрш айлуудын ах эгч нар “дүү минь яах вэ” гэсээр цөхөрсөн байдалтай ирлээ. “Цагаан хуаран консалтинг” компани нэг айлын м.кв газрыг 200 000 төгрөгөөр үнэлсэн хэрнээ буцаагаад орон сууцаа  нэг кв-ыг нь 10 дахин илүү үнээр тогтоож, ав гэж шахжээ. 0.07 га газартай айл нийслэлд ховор байдаг хойно тэдэнд дунджаар 30 м кв сууц л оногдож байв. Тиймээс айлууд 3-5 м кв талбайг нэмж олгож өгөхийг компаниас хүссэнийхээ хариуд “төрийн ажлыг санаатайгаар зогсоох гэж оролдсон” гэмтэн болж хувирчээ. Эцэг хүү хоёр шүүхэд дуудагдаж, таван иргэн нь өдөр бүр цагдаад дуудагдан, хүчний байгууллагын үүдэнд хадаатай өнжсөөр хоёр сар болж байлаа.

Б.Нямжав компанийнхаа хуульчаар шалгуулахад нэг иргэнд  хэрэг нээчихээд бусдыг нь хууль бусаар залхааж буй нь илчлэгдэв. Ийм байдлаар “Цагаан хуаран консалтинг” компани мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хорооны гэр хорооллын иргэдийг дарамталж, 24 иргэнд гомдол гарган цагдаагийн газарт өгч, газрыг нь хүч түрэн салган авахаар зүтгэж байгаа нь ч тодорхой болов. Тус компани төрийн нэр барьж, хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлсэн, цагдаа нар нь хуйвалдаж буйг олж мэдсэн Б.Нямжав асуудал юунд байгааг, өргөдлөө яаж бичихыг, хаана хандахыг иргэдэд нэг бүрчлэн зааж зөвлөв. Утсаар байнга ярьж, уулзаж, сүүлдээ ажлаа тараад гэрлүүгээ биш, тэдэн рүү яардаг боллоо.  Улмаар тэдний асуудлыг иргэнийхээ бус байгууллагын нэрийн өмнөөс өмгөөлж тавих нь илүү үр  дүнтэйг тооцож, 2014 оны 8 сард нь “Газрын эзэн баян зүрх”  нөхөрлөлөө Д.Гомбодорж, Б.Чимэддорж, Ч.Бадамсэрээжид, Н.Наранцогт нартай хамтран байгуулсан байдаг юм.

2015 оны 11 сарын өвлийн жавар орж буй тэр өглөө “Автобус 3” компанийнхаа даргын өрөөнд өргөдлөө барьж орсон эмэгтэй бол тамгын газрын дарга Б.Нямжав байсан юм. “Ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн түүний өргөдөл гэрийнхнээс нь илүү ажлынханд нь санаанд оромгүй гэнэтийн, бас харамсмаар санагдсан гэдэг. Учир нь 30 дөнгөж гарсан бүсгүй энэ компанид тамгын газрын даргаар ирээд туршлага арвин, санаа дээгүүр ахмад ажилтнуудынх нь эс тоох харц, хатуухан үгэнд гомдолгүй автобус баазын хоцрогдлыг арилгаж, ажиллагсадынхаа амжиргааг ахиулахад эрс өөрчлөлт гаргаж чадсан гэж хамт олон нь үнэлдэг байсан юм.

Харин Б.Нямжавын санааг  орон байртай байх эрх нь зөрчигдөж, хэзээ мөдгүй ядууралд өртөж болзошгүй, компани, төр хоёрт шахагдсан Баянзүрх дүүргийн айлууд зовоож байлаа. Энэ тухай ярихдаа “Тухайн үед ажлаас гарахад манай гэрийнхэн дуртай байгаагүй. 1 100 000 -1 200 000 төгрөгийн цалинтай төрийн ажил ховор байсан цаг.  Ингээд хуулиудаа судалж, холбогдох бүх газарт асуудлуудаа хүргэж эхэллээ. Хохирсон иргэдтэй уулзахад төр тэдэнд хангалттай мэдээллийг  хэзээ ч өгөөгүй байсан. Хороо нь ирж та нарын амжиргааг хачин гоё  болгоно, ийм байшин барина. Дэмжиж байна уу гэж гар өргүүлээд, дараагийн байгуулагууд нь барилгын компани явуулж,  төлөвлөсөн зураг үзүүлж шахна. Хотын дарга нь өөрөө компанитай хамт ирж, тууз хайчилчхаад “Та нар одоо нүү” гэж хөөнө. Дахин төлөвлөлтөөс болж хичнээн айл, иргэн хаашаа нүүснийг, хүүхэд багачууд нь цэцэрлэг, сургуульд орж чадсан эсэх, тэдний амжиргаа нь өөрчлөгдсөн үү гэдгийг хэн ч анзаардаггүй.  Энэ бол төр хотын дахин төлөвлөлтийг зөвхөн байшин барих жижиг тойргоор харж, бартерийн харилцаагаар зохицуулж ирсний үр дагавар. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль нь зөвхөн компаниудад бартерийн солилцоо хийхэд зориулагдсан” гэж байсан юм.
Үүнийг ул үндэс сууриар нь засч, өөрчлөх сэдэл тэмүүллийг төрд, олон нийтэд хүргэж, дахин төлөвлөлтөд хамрагдсан гэр хорооллынхны эрхийг хамгаалах нь “Газрын эзэд баян зүрх” нөхөрлөл, түүний тэргүүн Б.Нямжав хийгээд  үүсгэн байгуулагчдийн зорилго болов.

Анх Баянзүрх дүүргийн 13-р хорооны дахин төлөвлөлтөд орсон 150 гаруй хашааны 320 гаруй өрхийн эрхийг хамгаалж ажлаа эхэлсэн тэрээр сүүлийн зургаан жилд нийслэлийн 1000 гаруй иргэдэд хууль эрх зүйн зөвөлгөө өгч, зааж зөвлөөд байгаа юм. Үүний үр дүнд 10 гаруй ТББ байгуулагдаж, “Дахин төлөвлөлт-иргэний оролцоо” эвслийн дор нэгдээд буй.

“ТӨР ӨӨРӨӨ Ч ДАРАНГУЙЛАГЧ”

“Газрын эзэн баян зүрх” нөхөрлөл 2018 оноос өмнөх дөрвөн жилд төрийн байгууллага, албан тушаалтнуудад нийтдээ 46 албан тоот өгөхөд хоёрт нь л хариу авчээ. Газрын эзэд нь өөрсдөө хөрөнгө оруулагчаа санал болгож, орон сууцаа нийслэлийн төлөвлөлтийн дагуу бариулъя гэсэн тэдний саналд төр “Боломжгүй. Та нарт тийм эрх байхгүй” гэсэн ганц л хариу өгдөг байв. Тэдэнд өнгөрсөн 6 жилд  Нийслэлийн Засаг даргатай биечлэн уулзах хоёрхон удаагийн “ховор” боломж тохиосон гэдэг. Даанч төсөөлөөгүй, дэндүү гэж хэлэхэд багадахаар хариулт авснаа хүний эрхийн хамгаалагч бүсгүй ярьсан юм.  2015 оны уулзалтаар “Төрийн шалгаруулсан компани иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг дуулгахад Засаг дарга “Иргэд та нар тэгж болохгүй, ингэж болохгүй” гэж зандарсаар үг сонсохгүй гарч одо. Удаад нь иргэдийг сонсох цаг дээр нийслэлийн  Засаг даргын орлогч  компанийн мэдээллийг сонсож сонсож “Ийм л байна иргэд ээ. Тэр хуулийн хэлтсийнхэн эднийг цагдаад өгөх ажлыг зохицуул, шалгуул” гэж загнаад сууж байсан гэдэг. Нэг үгээр иргэдийн өмчийн газар хэдийнэ төрөөр дамжиж хувийн компанид шилжчихсэн байв. Ийм хариултаас цуцаагүй Б.Нямжавыг нөхөрлөлийн гишүүдийнх хамт  “МАН-ын гар хөлүүд” хэмээн нэрлэж дам шалгажээ. “Даанч баримт олоогүй л дээ. Олохгүй юм чинь” гэж  Б.Нямжав ярихдаа  “төр өөрөө аймшигтай дарангуйлагч” хэмээн  гомдол дайсан нь ийм учиртай аж.   

Тэр  “Цагаан хуаран консалтинг” компанийн  “чам шиг шалдан хүүхнийг яаж ч чадна шүү. Үр хүүхдүүд, гэр бүлтэй чинь  ярина шүү” гэж  утсаар дарамтлахад ч төрд  гомдсон шигээ голдоо ортол гомдоогүй, айгаагүй нь илт байсан юм.

Бие тулгар, том гэдэстэй байхдаа тэр ажлаа зогсоосонгүй. Хүн бүрийн гомдол саналыг төвөгшөөлгүй сонсож, сэтгэлээсээ хандаж, гүйж харайж байсныг түүнтэй хамтран зүтгэгчдийн нэг  “Газрын эзэд баян зүрх” нөхөрлөлийн гишүүн Ч.Бадамсэрээжид дурссаныг  өгүүлэмгүй орхимгүй. Төрснийхөө дараа ч хүний эрхийн төлөө эрсдэлтэй ажлаа хийж, шантралгүй зүтгэж байсныг нь хараад дайчин бүсгүй юм аа гэж нөхөрлөлийнх нь ярьцгааж байлаа. 

Тэрээр сүүлийн хоёр жилд дахин төлөвлөлтөд тулгарсан асуудлаа хотын өнөөгийн удирдлагад танилцуулж, ойлгуулахыг хүссэнгүй. Иргэний эрх, орон байртай байх эрхийг хэнээс ч илүү ярьж, уриалдаг Засаг дарга Э.Бат-Үүлд тулгарсан асуудлаа  ойлгуулж шийдвэрлүүлэх гэж бүтэн дөрвөн жилийг, дараа нь Засаг дарга С.Батболдод мөн хоёр жилийг зарцуулжээ. “Одоо бидэнд ийм цаг зав, хөрөнгө алга. Харин дараагийн Засгийн газар, хотын удирдлагыг хүлээж байна” гэлээ.   

“ОРОХ ОРОНГҮЙ 7 ЖИЛ БОЛЖ БУЙ АЙЛУУД Ч ОЛОН”   

Б.Нямжав бид хоёрын ярилцлага ийн үргэлжлэв. 

- Таны 2014 оноос эрхийг нь хамгаалсан айлууд орон сууцандаа орж чадсан уу?

- Чадаагүй. Нэг ч айл нүүгээгүй.

- Хэрэв компанид газраа өгчихсөн бол орон сууцтай болох байсан юм биш үү?  

- Орон гэргүй, дэмий тэнэсэн 320 өрх айл л байх байсан болов уу...

- Юугаар батлах юм бэ?

- “Цагаан хуаран консалтинг” компани одоо ч гэсэн өмнөх төслөө дуусаагүй. Ганцхан блок барилгыг таван жил барьж байна. “Их өргөө” компанид газраа өгсөн 85 өрх айл долоон жил орох оронгүй явна. Э.Бат-Үүл дарга өөрөө очиж ам өгч байлаа. Мөн 12-р хороонд “Гранд лайна” талбай дээр 27 өрх айл, 14-р хороонд “Моннис консалтинг” компанийн 109 өрх айл, манай талбайн урд дах 12 айл газраа чөлөөлж өгөөд одоо хүртэл сууцандаа орж чадаагүй, нүүдэллэн амьдарч байна.

- Та нар ямар  арга хэлбэрээр тэмцэж байсан юм бэ?   

- Бид дарамталсан үг, өгүүлбэр бичиж, хүч хэрэглээгүй. Акц явуулж, шантааж хийж байсангүй. Төрд гомдол гаргадаг зарчим, журмын дагуу шат дамжлагаар нь явдаг байсан...

УНААЧ ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ АНХ УДАА УЯАЧААС ГАРГУУЛАВ

Тэр юу байгаагаа золиослон хүний эрхийн төлөө тэмцэхэд бэлэн байдгаа хүүхэд насны, оюутан цагийн хүмүүжил, боловсролтой холбох юм билээ. Оюутан ахуйдаа “Буянт үйлс” нийгэмлэгийн саажилттай хүүхдүүдэд туслах үйлсэд оролцож, монголчуудын гажигтай хэмээн ярьж, ойлгож ирсэн саажилттай хүүхдүүдэд тусладаг байв.  Ингэж л тэдний  авьяас чадвар, хүсэл мөрөөдлийг  мэдэрч,  бусадтай адилхан тэгш эрхтэй гэдгийг ойлгож авчээ.  МУИС-д  Буддын гүн ухааны ангид суралцахдаа эрдэмтэн багш нар, судар номын ач буянаар санаж сэдэж, хийж бүтээж байгаа үйл хэрэг хэр олон хүнд буян хүргэж чадахыг эргэцүүлж, хүн байхын утга учрыг ухаарч ойлгохыг хичээдэг байсан гэдэг. Сургууль төгсөөд 2005 онд Хүүхдийн төлөө үндэсний газарт мэргэжилтнээр ажилд орохдоо хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах хүндхэн даалгавар авлаа.

Уяачид хорин тав ч хүрээгүй охины ярианд итгэж, үгэнд нь орно гэдэг юу л бол. Гэсэн ч ОУ-ын байгууллагын дэмжлэгээр улсын алдар цолтой зарим уяачидтай биечлэн уулзаж,  улсын наадмын комисст Хүүхдийн төлөө төвийн төлөөллөө оруулж чадав. 2006 оны хаврын уралдаанаар тархиндаа хүнд гэмтэл авсан хүүхдийн эмчилгээний зардлыг уяачаас нь авч  чадсан нь Монголд унаач хүүхдийн эрүүл мэндийн нөхөн төлбөрийг уяачаас гаргуулсан анхны тохиолдол боллоо. Үүний тулд Хүүхдийн төлөө төвийн мэргэжилтэн Б.Нямжав хүүхдийн эрхтэй холбоотой хууль эрх зүйн бүх заалтыг нэг бүрчлэн түүж бичиж цагдаа, прокурор, шүүх рүү явуулсан байгаа юм. Энэ ажлыг хийхэд Төв аймгийн Д.Бадамцэцэг даргатай хамт олон их дэм болсон хэмээн хамт олноор бахархаж байгаагаа уламжилсан юм.

ТЭР ТЭНЦВЭРГҮЙ ТУЛААНЫ ХАМГААЛАЛТГҮЙ ХАМГААЛАГЧ 

“Нөхөр бизнес эрхэлж, би төрийн албанд байхад манайх таван өрөө байранд, хүүхдүүд хувийн сургуульд гээд бид бийлэгжүү амьдарч байлаа. Харин одоо хэрэглээгээ танаж, байраа зарж, хүүхдүүдээ улсын сургуульд оруулж, арын албаа нөхөртөө даатгасан. Дөрвөн хүүхдийн хоёр маань жил дараалж гарсан, бага тул  хань маань  харна. Ганц хүний орлогоор амьдрахад уйлах үе бий бий. Гэхдээ бид өөрсдийгөө олсондоо баярладаг. Өмнөх амьдрал минь үргэлжилсэн бол би амбиц, мөнгө хоёрт дурлачхаад, иргэдээ харцаараа шилбүүрдэж, хүүхдүүдээ амттанаар тэтгэсэн төрийн түшмэл байхыг хэн мэдлээ” хэмээн хүний эрхийг хамгаалагч маань эргэцүүлэв.

Өнөөдөр бусдын төлөө гэсэн сэтгэл, сайн санааны үр Бат-өлзийгийн Нямжавыг хамгаалж буй. Тэр өөрөө ч уужуу ухаан, энэрэнгүй сэтгэлтэй монгол хүн бүрт ийм итгэл тээдэг нэгэн.  Харин хууль эрх зүйн талаасаа олон зуун айл өрх, мянга мянган иргэний эрхийг хамгаалж төр, компанитай хүч тэнцвэргүй тулаанд орж, тэдний “тушаа” нь болж яваа түүнд бамбай, хамгаалалт алга. Өнөөдөр ажил мэргэжлээсээ үл хамааран хэн ч хүний эрхийн хамгаалагч байх боломжтой. Тэд эрх мэдэл, байр сууриа буруугаар ашиглагчдыг зарлаж, булхайг нь илчилдэг. Гэвч үүнийхээ төлөө элдвээр доромжлуулахаас эхлээд амь насаа алдах нь ч бий.

Тийм ч учраас хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хуультай болохыг НҮБ хийгээд, түүний тусгай элч Мишель Форест монголд ажиллах бүртээ баримт дурьдан зөвлөж сануулдаг. Гэвч Хүний эрхийн хамгаалагчийн тухай НҮБ-ын 1998 оны  тунхаглалд нэгдсэн Монгол улс өнөөдрийг хүртэл хуулиа баталсангүй. Манай улсад хүний эрхийг хамгаалагчийн анхны судалгааг 2014 онд эхэлж, 2016 онд иргэний нийгмийн байгууллагууд ажлын хэсэг байгуулж байсан гээд бодохоор хүний эрхийн төлөө хамгаалагчийг хамгаалахгүй байх ашиг сонирхол бий гэж хардахад хүргэнэ.

Шаардлагатай тохиолдолд хэдхэн цагийн дотор хууль санаачлан баталж чаддаг монголын парламентад хамгаалагчийг хамгаалах хуулийн бэлтгэлд өнгөрсөн зургаан жил цөөдсөн гэвэл дэгс. Багцаар нь, бүхлээр хэлэлцэн батлах холбогдох хуулийн төслийн сураг ч чимээ тасрав. Гэлээ гээд хүний эрхийн хамгаалагчид юунд цуцаж, шантарна гэж. Тэдний нэг нь иргэдийн орон байртай байх эрхийн төлөө тэмцэгч Бат-Өлзийн Нямжав бүсгүй. Түүнийг хүний төлөө хөлс нэхэлгүй, цаг наргүй ажилладаг, ур чадвар өндөр, мэдлэг мэргэжил сүрхий бүсгүй хэмээсэн Хүүхдийн төлөө төвд хамтран ажиллаж байсан, одоо ч хамтдаа зүтгэж буй Д.Хажидсүрэн гуайн  тодорхойлолтоор хөргөө өндөрлөе.

Чөлөөт сэтгүүлч Даваажавын  Даваадулам

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш