logo
Өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулвал хуулийн хариуцлага хүлээнэ

Өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулвал хуулийн хариуцлага хүлээнэ

2017/01/23

Олон улсын болоод дотоодын хүүхдийн эрхийн байгууллагууд  олон жил хурдан морь унаач хүүхдийн эрхийг  ярьсны дүнд олон нийтийн ойлголт хандлага, эрх зүйн орчин сайжирсаар байна. Гэсэн хэдий ч жил жилийн цагаан сарын өмнөхөн “тухайн жилийнхээ өнгийг үзэх” гэж Дүнжингарав гэх мэт хаврын томоохон уралдаануудыг идэр есийн хүйтэнд зохион байгуулсаар ирсэн. Өвлийн уралдааныг хориглож, хаврын уралдаан гэж нэрийдсэн томчуудын зугаанаас үүдэн сүүлийн гурван жилийн байдлаар 330-580 хүүхэд хүнд, хөнгөн бэртэл авсан тухай мэдээ бий.

Тэгвэл энэ оноос өвлийн уралдааны үеэр хүүхдээр хурдан морь унуулсан тохиолдолд унаач хүүхдийн эрх Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын дагуу хамгаалагдах юм байна.  Тодруулбал, Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулбал Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, хууль, Захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Энэ мэтчилэн хүүхдийн эрхийн байгууллага болоод төр засгаас уг асуудалд анхаарал хандуулж, эхлүүлсэн ажлууд үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал,  2011 онд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт”-ыг батлуулж, хурдан морь унаач хүүхдүүд хамгааллын хувцас хэрэглэл өмсдөг болж, холбогдох байгууллагууд аюулгүй байдалд нь анхаарал тавьж хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг тогтмол хянадаг болсон юм. Үүний үр дүнд мориноос унаж бэртэх хүүхдийн тоо 2011 онтой харьцуулахад мэдэгдэхүйц буурсан сайн мэдээг ч мөн дуулгаж байна.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Сэтгэгдэлүүд

Дээш