logo
Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

2014/12/08

Засгийн газар 2012-2016 онд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэ хүрээнд 2013 онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийн төв Улаанбаатар хоттой холбогдсон бол энэ онд Сүхбаатар, Өмнөговь холбогдоод байлаа.  

Хөвсгөл аймгийн төвийг улсын нийслэлтэй холбох Мөрөн-Уньт чиглэлийн замын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, хөвсгөлчүүд сайхан замаар тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдлээ. Хөвсгөлд хөгжил авчрах замтай боллоо. Ийм замтай болох нь үе үеийн хөвсгөлчүүдийн мөрөөдөл байсан. Мөрөн-Улаанбаатар, Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд нийтийн тээврийн автобус 20 цаг явдаг байсан бол энэ хугацаа өнөөдрөөс хоёр дахин багасч байна гэж нутгийн иргэд баяртай байлаа.  

Мөрөн-Уньт чиглэлийн 253,3 км хатуу хучилттай автозамын ажил нийт 115,5 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд Чингис бондоос 66,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ.

Автозамын энэ бүтээн байгуулалтын ажилд  270  орчим машин механизм, тоног төхөөрөмж ашиглаж, 700 гаруй инженер, техникийн ажилтан, туслах ажилчид оролцжээ.

Цаашид улсын комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж, тухайн замын засвар, арчилгаа, үйлчилгээний ажлыг эхний 1-3 жилийн хугацаанд гэрээнд заасны дагуу зам барьсан компаниуд болон тус аймгийн АЗЗА компани хариуцаж ажиллах учиртай. Энэ үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг нээлтийн үеэр  үүрэг болголоо. Зам дагаж хөгжил ирдэг. Гадаад, дотоодын аялал жуулчлалын тулгуур болсон Хөвсгөл аймагт, хөвсгөлчүүд та бүхэнд энэ зам үр ашгаа өгч, хөгжил дэвшилд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гээд бүтээн байгуулалтын ажилд нэгдэн оролцсон зам барилгын компаниудын нийт ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.  

Шинэ замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Оюунгэрэл, Л.Энх-Амгалан, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Х.Ержан, Кувейтийн Элчин сайд болон нутгийн иргэд оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш