logo
Автотээврийн хэрэгслийн жин, овор хэмжээнд хяналт тавьна

Автотээврийн хэрэгслийн жин, овор хэмжээнд хяналт тавьна

2014/10/06
Засгийн газрын ээлжит хуралдаанаар автозамын асуудлыг Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулж, үүнтэй холбогдуулан автотээврийн хэрэгслийн жин, овор хэмжээнд хяналт тавьж ажиллахыг түүнд даалгалаа.

Сүүлийн хоёр жилд 2680 км автозам баригдаж, улсын чанартай автозамын сүлжээн дэх хатуу хучилттай замын урт 5300 км-т хүрээд байна. Замын сүлжээ өргөжихийн хэрээр үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтаар баригдсан автозам, замын байгууламжийн хадгалалт, хамгаалалтын асуудлыг цогцоор нь шийдэх, ялангуяа автозамын зөвшөөрөгдөх жин, овор хэмжээний үзүүлэлтээс хэтэрсэн тээврийн хэрэгслээр зорчин, автозам, замын байгууламжийг нормативт хугацаанаас нь өмнө эвдрэлд оруулж байгааг цэгцлэх шаардлагатай байна гэж сайд хэллээ. Зам тээврийн яамнаас бүрэн жин, тэнхлэгийн ачаалал хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаа зөрчлийг хянах зорилгоор “Авто пүү ажиллуулах журам"-ыг энэ оноос хэрэгжүүлж байгаа юм.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж хэрэгжүүлэн ажиллаж байна. Иймд барьсан замаа арчилж хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтын систем бий болгох хэрэгтэй гэсэн санал хурлын үеэр гарч байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш