logo
УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын “Чайна Дэйли” болон

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын “Чайна Дэйли” болон "Ард түмний өдөр тутмын сонин"-д ярилцлага өгөв

2014/01/16

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.01.15/ БНХАУ-ын өдөр тутмын томоохон сонинуудын нэг болох “Чайна Дэйли” /China Daily/ сонинд ярилцлага өгөв. Тус сонин нь БНХАУ-д англи хэл дээр, гаралт бүрдээ 500 000 гаруй хувь хэвлэгдэн гардаг томоохон сонины нэг юм.

"Чайна Дэйли" сонины сэтгүүлч Фил Смиттэй хийсэн ярилцлагын үеэр УИХ-ын дарга хэлэхдээ, "Өнгөрсөн онд хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж, олон чухал арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тухайлбал, хоёр талын хамтын ажиллагааны гол механизмууд болох Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комисс, Эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөлийн ээлжит хуралдаанууд болж, мөн Зам тээврийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар БНХАУ-д айлчилж, хоёр талын уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарын цаашдын хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх олон чухал асуудлаар тохиролцоонд хүрлээ. Мөн хоёр орны парламент, улс төрийн намууд хоорондын харилцаа хөгжиж байна. Энэ нь хоёр орны харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тустай бөгөөд өндөр дээд түвшний айлчлал, хамтарсан уулзалт, арга хэмжээний давтамж нэмэгдэж, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна" гэлээ.

Мөн энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын "The People's daily newspaper" буюу "Ард түмний өдөр тутмын сонин"-ы сэтгүүлч Ху Вэнд ярилцлага өгөв. Энэ жилийн хувьд, Монгол улс болон БНХАУ-ын "Цагаан сар"-ын баяр нэг өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргаас ярилцлага авах болсон байна.

"The People's daily newspaper" буюу "Ард түмний өдөр тутмын сонин"-ы сэтгүүлч Ху Вэн УИХ-ын дарга З.Энхболд нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах хамтын ажиллагааны талаар ярилцлаа. УИХ-ын даргын "Ард түмний өдөр тутмын сонин"-д өгсөн ярилцлага "Цагаан сар"-ын баярын өмнө БНХАУ-д 5 сая хувь хэвлэгдэн гарах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэлүүд

Дээш