logo
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2013/06/25
Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел Пиччинийг Монгол Улсад суух суурин төлөөлөгчийн үүрэгт ажлаа дуусгавар болгосонтой холбогдуулан 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Сайд Л.Болд хатагтай Пиччинд Монгол Улсад гурван жил хагас үр бүтээлтэй ажилласанд нь талархал илэрхийлэхийн зэрэгцээ Хүн амын сангийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг үр дүнд чиглэсэн удирдлагаар хангах, залуучуудын хөгжлийг дэмжих, эх нярайн эндэгдлийг бууруулах асуудлын хүрээнд эмзэг бүлгийнхэнд анхаарал хандуулах, улмаар Суурин төлөөлөгчийн газрын чадавхийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг нь цохон тэмдэглэв. 

Хатагтай Пиччинийг суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаанд НҮБ-ын Хүн амын сангаас Мянганы хөгжлийн 4 ба 5 дугаар зорилтуудын хэрэгжилтийг урагшлуулахад ахиц гарч,  2010 оны Хүн ам, орон сууцны тооллогыг хийх ажилд техник технологи, санхүүгийн туслалцаа үзүүлж, 15 гишүүнтэй НҮБ-ын Залуучуудын зөвлөх бүлэг байгуулсан ба Залуучууд хөгжлийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн, шинээр зохион байгуулагдсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлсэн зэрэг олон чухал ажил хийгджээ.

Уулзалтын төгсгөлд сайд Л.Болд хатагтай Аржентина Матавел Пиччиний Бангладеш Улсад ажиллах дараагийн томилолтод амжилт хүсч, Алтан гэрэгэ дурсгал болгон хадгалуулав. 

Сэтгэгдэлүүд

Дээш