logo
Бразил улстай харилцан ЭСЯ нээх тухай ярилцав

Бразил улстай харилцан ЭСЯ нээх тухай ярилцав

2013/04/27
Гадаад харилцааны сайд Л.Болд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Хатагтай Мариа Рейсийг энэ сарын 26-нд ГХЯ-нд хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

Л.Болд урилга хүлээн авч Сайд нарын бага хурлыг зорин ирсэн Бразилийн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд дэлхийн эдийн засгийн хүчирхэг орнуудын нэг Бразил Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа онцолж, ойрын ирээдүйд Монгол Улсын ЭСЯ-ыг тус улсад нээхээр төлөвлөж буйг мэдэгдэв.

М.Рейс АОХН-ийг Монгол Улс даргалснаас хойш тус байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа эрс сайжирч, нэр хүнд нь өсч буй энэ үед Бразил Улсаа төлөөлөн Сайд нарын бага хуралд оролцож буйдаа сэтгэл их өндөр буйгаа онцлоод Сайд Л.Болдод илгээсэн Бразил Улсын Гадаад хэргийн сайд Антонио Патриотагийн захидлыг гардуулав. Тэрбээр мөн Монгол Улс, Бразилийн хоорондын уул уурхай, соёл, боловсрол, спорт, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бразилийн тал ихэд ач холбогдол өгч буйг дурдаа боловсрол, спортын салбаруудад хамтран ажиллах хэлэлцээрүүдийг энэ удаагийн айлчлалынхаа үеэр үзэглэх саналтай буйгаа мэдэгдэв.

Эдгээр хэлэлцээрийг байгуулбал монголын залуучууд Бразилийн их, дээд сургуульд суралцах, биеийн тамир, спортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж нээгдэх болно гэв. Мөн Монгол Улс Бразилд ЭСЯ-аа нээх тухай мэдээг баяртайгаар хүлээн авч байна гээд дэмжин ажиллахаа мэдэгдээд Монгол Улс ЭСЯ-аа нээвэл Бразилийн ЭСЯ ч Улаанбаатарт нээгдэнэ гэдгийг цохон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Зүүн Ази, Латин Америкийн орнуудын форум зэрэг олон улсын байгууллагуудын хүрээнд урьдын адил бие биенээ дэмжин хамтарч ажиллахаа нотлов. Мөн Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичигт өмнө нь тохирсны дагуу хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, Боловсрол, Спортын салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүдийг айлчлалын үеэр үзэглэх чиглэлээр ажиллахаар тохирлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш