logo
“Хариуцлага, хэрэгжилт, хяналт” долоо дахь удаагийн цахим хурал боллоо

“Хариуцлага, хэрэгжилт, хяналт” долоо дахь удаагийн цахим хурал боллоо

2013/04/27

Яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” долоо дахь удаагийн цахим хурал боллоо. Маргааш эхлэх Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажил хангах Засгийн газрын тэргүүнээр ахлуулсан ажлын хэсэгт яам, агентлагийн албан хаагчид хүч тавин оролцсоныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим уулзалтын эхэнд хэллээ. Мөн 4 дүгээр сарын 29-ний даваа гарагийг амралтын өдөр болгох ямар нэг шийдвэр Засгийн газраас гараагүй, харин замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зарим томоохон зах, үйлчилгээний төвийг энэ өдөр ажиллуулахгүй байхаар нийслэлийн удирдлагууд зохицуулалт хийснийг иргэд, олон нийт ялгаж ойлгоорой гэлээ. 

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан хөрөнгө төсвийг нь шийдсэн гол гол хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг яам, агентлагуудад үүрэг болголоо. Зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын ажил хугацаандаа эхэлсэн эсэхийг газар дээр нь очиж шалгах, өмнөд бүсэд тавих төмөр зам, нийслэлд “Гудамж” төслийн ажлыг нэн даруй эхлэх, Дарханд газрын тосны үйлдвэр, Тавантолгойд цахилгаан станц барих бэлтгэлийг шуурхай хангах, Амгалан дулааны станцын газрын асуудлыг даруй шийдэх зэргийг Ерөнхий сайд онцлон анхааруулсан юм. 

Мөн төрийн албан хаагчдын халаа сэлгээтэй холбоотой шүүмж гарсантай холбогдуулан энэ асуудалд хариуцлагатай хандахыг яам, агентлагийн удирдлагуудаас хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш