logo
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баригдаж буй барилгыг оффисс болгохоор шийдвэрлэлээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баригдаж буй барилгыг оффисс болгохоор шийдвэрлэлээ

2012/11/05
Хууль зүйн яамны харъяа “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”, Батлан хамгаалах яамны харъяа “Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь” хоёрыг нэгтгэн “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” болгохоор тогтлоо. Цэргийн зориулалттайгаар зохион байгуулагдах энэ нэгдсэн эмнэлэг Батлан хамгаалах яамны харъяанд ажиллах юм.
Ийнхүү өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар одоо барьж буй барилгыг Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор, иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх төв болгон засч тохижуулан ашиглахаар боллоо. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт улсын төсвийн 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилгын цогцолбор барьж байгаа ба 2013 оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дээрх хоёр эмнэлэг нийт 550 шахам ортойгоор жилдээ 15 орчим мянган хүнийг хэвтүүлэн эмчлүүлдгийн талаас илүү хувь нь энгийн иргэд байдаг байна. Ийнхүү хангалттай хүчин чадалтай байгаа нь тус эмнэлгүүдийг нэгтгэх шалтгаан болсон байна.
Ийнхүү улсын төсвийг хэмнэж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий бие бүрэлдэхүүнд үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж байна. Эмнэлгүүдийг нэгтгэснээр наад зах нь 50 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал хэмнэгдэх тооцоо гарчээ.
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн 5 дугаар бүлэгт заасан “Шүүхийг тойргийн тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулахтай уялдуулан прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэх” зорилтын дагуу одоо баригдаж буй эмнэлгийн шинэ цогцолборыг албан зориулалттай болгоно. Тодруулбал, А корпусын 3-6  давхрыг Улсын Ерөнхий прокурорын газар, А корпусын бусад давхар болон Б корпусыг бүхэлд нь ХЗЯ, барилгуудын 1-2 дугаар давхруудыг иргэдэд нээлттэй үйлчлэх зориулалтаар ашиглана.
 

Сэтгэгдэлүүд

Дээш