logo
Гэрээтэй шүү дээ, нефть импортлогчид оо

Гэрээтэй шүү дээ, нефть импортлогчид оо

2012/11/05
Шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн сургаар зарим шатахуун түгээх станцын ачаалал хоёр хоногт эрс нэмэгдэв. Импортлогч компаниуд үнээ нэмэх эсэх нь өнөөдрөөс шийдэгдэх биз.

Шатахууны үнийг 200- 300 төгрөгөөр нэмнэ гэдгээ зарим компани өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мэдэгдсэн. Энэ нь дараах шалтгаантай. Нэг хэсэг тогтвортой байсан үнийг нэмэхээс аргагүйд хүрсэн шалтгаан байгаа гэнэ. Дотоодын хомсдолоос болж ОХУ газрын тосны бүтээгдэх үүнийхээ экспортын татвараа нэмсэн. Түүнийг дагаад өнгөрсөн аравдугаар сард “Роснефть”-ээс Монголд нийлүүлсэн АИ-92 бензин тонн тутамдаа 44 ам.доллараар нэмэгдэж ирсэн. Харин энэ сард дахин 49 ам.доллараар нэмэгдэж иржээ.

Мөн дизель түлш энэ сард 1206 ам.доллар болж 55 ам.доллараар өсчээ. Тэгэхээр шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг нэмэхээс өөр аргагүй гэж импортлогчид мэдэгдэж байна. Шатахууны үнээс хамаараад зах зээл нь бүхэлдээ донсолчихдог тул энэ долоо хоногт үнийн хөөрөгдөл үүсэх вий гэсэн айдас байна. Ганц улсаас нефть бүтээгдэхүүн нь хараат байгаа энэ нөхцөлд Оросын талын үнэ хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарахгүйгээр дотооддоо жижиглэнгийн худалдааг тогтвортой байлгах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа.

Тиймдээ ч хэдхэн хоногийн өмнө шатахуун импортлогчидтой гэрээ хийснийг мартаж болохгүй. Сануулахад, Уул уурхайн яам, Монголбанк, шатахуун импортлогч гэсэн гурван талын төлөөлөл шатахууны үнийг тогтвортой байлгах гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээний гол агуулга нь аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл өгснөөр үнийг тогтвортой барих юм. Уг гэрээнд гарын үсэг зурсан нь “ЭмОйл”, “Шунхлай”, “Магнай трейд”. Цаашид “Петровис”, “Ник” компани нэгдэнэ гэдгээ тухайн үед илэрхийлж байсан юм. Гэвч “НИК” компани лав гараа өргөөд бууж өгсөн. Тус компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбат энэ долоо хоногт шатахууны үнээ 200-230 төгрөгөөр нэмнэ гэж мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдлийн дараахан Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэдхэн хоногийн өмнө Засгийн газартай хийсэн гэрээг нь компаниудад сануулаад авав. Тодруулбал, шатахууны жижиглэнгийн худалдаанд Монголбанк 120 сая ам.долларын дамжуулан зээлдүүлэх зээл олгох санал тавьсан.

Зээлийн хүүгийн өсөлт болон валютын ханшийн зөрүүнээс хамгаалахад зориулж Засгийн газар батлан даалт гаргаж, Монголбанкнаас гурван жилийн хугацаатай зээл олгохоо мэдэгдсэн. Тэгэхээр энэ зээлд хамрагдаж, үнээ нэмэхгүй гэсэн гэрээнд зарим компанийн удирдлагууд аль хэдийнэ гарын үсгээ зурчихсан гэсэн үг. Оросын экспортын татвар сар тутам тодорхой дүнгээр өссөөр ирсэн. Шатахууны үнэ нэмэгдэх нь зөвхөн сая л мэдэгдэж байгаа хэрэг биш юм.

Тэгэхээр хэдэн сарын дараах үнээ урьдчилан төлөвлөчихсөн байдаг импортлогч компаниуд үнийг тогтвортой байлгах гэрээнд гарын үсэг зурсан нь байдлыг хурцатгахгүй гэсэн найдварыг төрүүлж байгаа юм. Салбарын сайд нь ч гэрээгээ зөрчихгүй гэдэгт итгэж байгаагаа цэнхэр дэлгэцээр дамжуулан мэдээлснийг дээр дурдсан билээ.

Б.Уран

Сэтгэгдэлүүд

Дээш