logo
АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

2026/08/14

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өчигдөр хийсэн мэдээллээр ОХУ-аас Улаанбаатар хотод 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ-92 автобензин орж иржээ.

Үүнээс эхний 23 вагоны шатахууныг буулгаж, нийслэлийн 75 шатахуун түгээх станцад 756 тонн, орон нутгийн 49 станцад 441 тонн АИ-92 автобензин хүргүүлсэн байна.

Мөн ОХУ-аас Монгол Улсын чиглэлд 152 вагон буюу 9120 тонн АИ-92 автобензин тээвэрлэгдэж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлжээ.

Сүүлийн хоёр хоногт шатахууны түгээлт харьцангуй бага байсан ч нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул ирэх даваа гарагаас улсын хэмжээнд түгээлтийг хэвийн болгохоор ажиллаж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдэгдсэн байна.

Орон нутгийн шатахууны түгээлтийг амралтын өдрүүдэд нэмэгдүүлэх бөгөөд ням гарагт нийслэлийн хэрэгцээг хангах хэмжээнд түгээлт хийхээр импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.

Шуурхай штабын хүрээнд шатахууны тээвэрлэлтийг хурдасгах арга хэмжээ авч байна. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН ОХУ-аас орж ирж буй түлш, шатахууны вагоныг богино хугацаанд татан авч, буулгалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Үүнээс гадна БНХАУ-аас ачигдсан 2000 тонн онгоцны түлш Замын-Үүд өртөөнд ирж, түгээлтэд шилжихээр байгааг мэдээлжээ.

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор Татварын ерөнхий газар татварын өртэй байсан ч дансыг нь хаахгүй байх зохицуулалт хийж байгаа аж. Мөн шатахуун түгээх станцуудын дараалал авто замын хөдөлгөөнд саад учруулахаас сэргийлж Тээврийн цагдаагийн алба зохицуулалт хийж байна.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб шатахууны татан авалт, тээвэрлэлт, түгээлтийн нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа бөгөөд улсын хэмжээнд шатахууны түгээлтийг ирэх долоо хоногоос хэвийн болгохоор төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш