logo
Дархан-Уул аймагт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ загвар нэвтрүүлнэ

Дархан-Уул аймагт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ загвар нэвтрүүлнэ

2026/08/12

Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон Дархан-Уул аймаг хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ.

Төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр гарын үсэг зуржээ.

Төслийн хүрээнд сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Мөн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, үнэлгээний цогц загвар бий болгож, төслийн үр дүнд тулгуурлан цаашид улсын хэмжээнд тогтмол үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх зорилготой.

Төслийн хэрэгжилт Дархан-Уул аймагт 2027 оны нэгдүгээр сараас эхэлж, 2029 оныг дуустал үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш