Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Түргэний гол орчмын үерийн эрсдэл үүсээд буй бүсэд ажиллаж, газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонслоо.
Тус бүсэд 1992 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Түргэний голын ай савд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуй хөгжүүлэх зориулалтаар газар олгосон бөгөөд өнөөдөр 20 орчим өрх газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд голын ай савын урсац өөрчлөгдөж, шороон овоолго, авто зам зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уулын усны урсгалын чиглэл өөрчлөгдөн, үерийн эрсдэл эрс нэмэгджээ.
2009 онд болсон үерийн үеэр хөндий бүхэлдээ усанд автсан бөгөөд түүнээс хойш бараг жил бүр үерийн аюул нүүрлэх болж, ургац, хөрөнгө, бүтээн байгуулалтад ихээхэн хохирол учирдаг болсон байна. Мөн үерийн ус, лаг шаварт бохирдсон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжгүй болж, иргэдийн хөдөлмөрийн үр шим талаар өнгөрдөг талаар тариаланчид хэлжээ.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Л.Алтанзул “Бид 1992 оноос хойш энэ газрыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр тохижуулж, үржил шимтэй хөрс бүрдүүлэн хүлэмжийн аж ахуй хөгжүүлсэн. Гэвч хүний үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн үерийн эрсдэлээс болж жил бүр хохирч байна” хэмээн ярьсан байна.
Мөн иргэдийн төлөөлөл авто зам, ус зайлуулах байгууламжийн өөрчлөлтөөс шалтгаалан уулын амны ус өндөр даралттайгаар орж ирдэг болсон тул инженерийн цогц шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Үүнтэй холбогдуулан Б.Пүрэвдагва холбогдох байгууллагуудад асуудлыг иж бүрэн судалж, инженерийн шийдэл боловсруулах үүрэг өгсөн байна.
Тэрбээр үерийн эрсдэлийг зөвхөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороогоор хязгаарлахгүйгээр Өлзийт орчмын ногоочдын бүсийг хамруулан геодезийн болон усны барилга байгууламжийн иж бүрэн судалгаа хийж, шаардлагатай инженерийн шийдлийг боловсруулахыг үүрэг болгожээ.
Мөн үерийн дараах ариутгал, халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн талбайд шуурхай зохион байгуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ариутгалын бодис олгох, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, цахилгаан болон бусад дэд бүтцийн нөхцөл байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон байна.
