logo
Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026/07/30

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов.

Элчин сайд Айбек Молдогазиев БНКирУ нь Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлж, бодит үр дүнд хүргэхэд өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо. Тэрбээр, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ боломж бүрдүүлж байгааг тэмдэглээд, техникийн зохицуулалт, хорио цээрийн шаардлагыг уялдуулах чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхээ илэрхийлэв. Киргиз Улс нь Төв Азийн логистикийн зангилаа орны хувьд бүс нутгийн тээвэр, логистикийн шинэ коридоруудыг хөгжүүлэх, хил дамнасан холболтыг нэмэгдүүлэхэд Монгол Улстай нягт хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.  

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, тээвэр, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг танилцуулж, Монгол, Киргиз Улс нь далайд гарцгүй хөгжиж буй, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хөтөлбөрийн гишүүн орнуудын хувьд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжтойг онцоллоо. Ингэхдээ "Транзит Монгол" бодлогыг CAREC хөтөлбөртэй уялдуулан худалдаа, тээвэр, логистикийн саадыг бууруулж, агаар, авто болон төмөр замын тээврийн харилцан холболтыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой буйгаа онцоллоо. 

Мөн Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш