logo
“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ

2026/06/30

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судалжээ.

Судалгаагаар сүүлийн таван жилийн хугацаанд хүрээлэн байгаа орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн сүүлийн хоёр жилд шүүхээс 1228 иргэн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд тэдгээрийн 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан улсын иргэн байжээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.09 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Түүнчлэн 12.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, орлого хураан авч улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэжээ.

Хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна байгаль орчин, ургамал, амьтны аймагт учруулсан хохирлыг экологи, эдийн засгийн үнэлгээгээр 2-5 дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, ашигласан зэвсэг, техник хэрэгсэл, тээврийн хэрэгслийг улсын орлого болгох зохицуулалт үйлчилдэг.

Судалгааны дүнгээс үзэхэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглах, иргэд, хуулийн этгээдийн экологийн ач холбогдол болон хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл хангалтгүй байх нь голлон нөлөөлж байгааг тогтоожээ.

Иймээс Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, учирсан хохирол, нөхөн төлбөрийг барагдуулах, мөрдөн шалгах байгууллагын албан хаагчдыг мэргэжил, арга зүйгээр хангах, зөвлөмж, мэдээлэл хүргэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргах, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг хангах, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш