logo
“Туулын хурдны зам”-ын ажлыг үргэлжлүүлэх ач холбогдол юу вэ..?

“Туулын хурдны зам”-ын ажлыг үргэлжлүүлэх ач холбогдол юу вэ..?

2026/06/16
Хэсэгтээ л жагсагч, тэмцэгчдийн улстөржих талбар болсон, удирдсан, хариуцсан, хамаарсан бүхэн нь хэрэгтнээр шалгагдаж, засаг төр нь “түр” хэмээн хугацаагүй гацаасан “Туулын хурдны зам” сураг тасраад багагүй хугацаа өнгөрч байна. Цаашид хувь заяа нь хэрхэх нь тодорхойгүй уг төсөл ямар үр ашиг авчрах байсныг таашгүй. Ямартаа ч талуудын толхилцоон дундаас гацаанд орсон уг төсөл хэрэгжсэн бол ирээдүйд ямар эерэг сөрөг ач холбогдолтой байх байсан бэ гэдгийг тоймлов.



“Туулын хурдны зам” төсөл нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжлэхээр бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн ч иргэд, олон нийт, улс төрийн намуудын эрс эсэргүүцэлтэй тулгарч, 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийн хяналтын байгууллагаас шалгалт явуулж дуустал "Туулын хурдны зам" төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэнээр төсөл зогсоод байгаа юм.   Нийслэлээс уг Туулын хурдны зам болон тойрог замууд нээгдсэнээр нийслэлийн авто замын түгжрэл 50 хувь буурна" хэмээн тооцоолсоноо тайлбарласаар байгаа юм. Тодруулбал,  Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг Туулын хурдны зам болон 1, 2 дугаар тойрог замуудад нарийвчилсан байдлаар тооцоолж, гурван өөр загварчлалаар судалгаа хийсэн бөгөөд тус төсөл нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үнэлэгджээ. Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28–32 хувиар буурна гэж тооцоолсон байна.   Төслөөс бий болох эдийн засгийн өгөөжийн хэмжээ 18 жилийн туршид 2027–2030 онд 44.9 сая доллар, 2041–2045 онд 191.6 сая доллар болж өсөхөөр тооцоолсон. Тээвэрлэлтийн хурд зардлыг багасгаж, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Худалдаа, бизнесийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг дэмжих ба иргэдийн цаг хугацааг хэмнэж, ажлын болон амралтын цагийг илүү үр бүтээлтэй ашиглах боломжтой болно хэмээн мэдэгдээд байгаа билээ.   Түүнчлэн, Туул голын орчим дахь 1968 онд баригдсан далан одоогоор хуучирч, үер болбол голын усны түвшин 5 метрээр нэмэгдэх ба одоо байгаа далан хамгаалалт нурах эрсдэлтэй. Туулын замын төсөлд үерийн даланг зарим газарт сэргээж, зарим газарт шинээр барьж нийт 19 км даланг шинэчлэх ажил багтсан бөгөөд ингэснээр Туул голын орчим дахь айл өрх, байгууллагыг үерийн эрсдэлээс хамгаалах боломжтой. Улаанбаатар хотын хувьд AH-3 чиглэлийн замын хоёр зангилааг холбосон хөндлөн чиглэлд саадгүй нэвтрэх хурдны зам байхгүй байсан тул энэ дутагдлыг арилгах ач холбогдолтой. Энэ бол Улаанбаатар хотын амьдралын хэв маяг, эдийн засаг, хот төлөвлөлтийг шинэ шатанд гаргах боломж юм.   Уг төслийг зөвхөн дотоодын бус олон улсын мэргэжлийн байгууллагууд ч энэ чиглэлийн дэд бүтэц шаардлагатай гэж үзсэн байна, Тухайлбал, ЖАЙКА болон ALMEC Корпорацийн 2022 оны "Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх суурь судалгаа"-ны дүнгээс үзэхэд уг төслийн хөрөнгө оруулалтын үр ашиг 19.7%-тай байгаа нь өндөрт тооцогдсон бөгөөд зам дагуу бизнес, үйлчилгээ, хөгжлийн бүсүүд бий болох тооцоо гарсан. Дэлхийн Банкны зам, тээврийн ахлах мэргэжилтэн Ян Чен "Улаанбаатарын хотын авто зам, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд бүх хэрэглэгчдийг зам, тээврийн дэд бүтэц, үйлчилгээгээр тогтвортой байдлаар хангах цогц, урт хугацааны арга зам шаардлагатай" гэж онцолсон.   Мөн Туулын хурдны зам шинэ тутам ойлголт биш бөгөөд 10 гаруй жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хийгдэж байсан "Гудамж" төсөлд хамаарах ажлуудын нэг байсан бөгөөд үе үеийн хотын дарга нарын мөрийн хөтөлбөрт тусгагдсаар ирсэн. УИХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан 2030 он хүртэлх хөгжлийн чиг баримт бичигт энэ төсөл тусгагдсан байсан.  

Гэвч Иргэд болон Байгаль орчныхон эрс эсэргүүцсээр байгаа бөгөөд эсэргүүцлийн гол цөм нь "Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдал" болон "Нүүрстөрөгчийг шингээгч ногоон бүс"-ээ алдах вий гэсэн айдсаас үүдэлтэй юм. Төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг иргэдэд урьдчилж нээлттэй танилцуулаагүй, олон нийтийн хэлэлцүүлэг хангалттай хийлгүй шууд ажлыг эхлүүлсэн нь иргэдийн дунд "Ямар нэгэн хортой зүйл нууж байна" гэх хардлагыг төрүүлсэн.   Албаны хүмүүс болон инженерүүдийн өгч буй тайлбараар бол иргэдийн дунд "Туул голыг шууд шороогоор боож, дээр нь цемент цутгах гэж байна" гэх ойлголт давамгайлсан гэдэг. Тиймээс "Төслийг шууд зогсоох биш, харин Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг иргэдэд нээлттэй болгож, барилгын явцад иргэний нийгмийн байгууллагуудын хяналтыг дээд зэргээр тогтоох шаардлагатай"  гэж үзэж байгаа юм.

Э.Ану
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш