Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж, бодит үр дүнд хүрээд байна.
Аймгийн хэмжээнд 2017 оны тооллогоор 3,635 га, 2018-2025 онд 1,609.56 га буюу нийт 5,244.56 га талбай эвдэрсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхийг Ерөө, Хүдэр, Баянгол сумдад хэрэгжүүлжээ.
2020-2025 онд нийт 4,817.71 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 4,082 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгснөөр нийт эвдэрсэн газрын 78 орчим хувийг нөхөн сэргээжээ.
Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, уул уурхайн компаниудын хариуцлагыг дээшлүүлэн ажилласны үр дүнд эвдэрсэн газрын хэмжээ буурч, байгаль орчны доройтлыг сааруулахад бодит ахиц гарч байна. Ялангуяа нөхөн сэргээлтийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн оролцоо энэхүү үр дүнд чухал хувь нэмэр оруулсан байна.
