logo
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан шалгав

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан шалгав

2026/06/03

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны тавдугаар сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 477 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 122 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Үндэсний статистикийн хороо, “Эрдэнэс алт ресурс” ХХК, УБТЗ ХНН, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 5 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 141 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Аймгийн төсвийн 40 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийн дүгнэлт гаргах, акт тавих, шаардлага өгөх зэргээр чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа ашиглан хувьдаа ашиг олж байсан, хамаарал бүхий этгээдээсээ шууд худалдан авалт хийдэг, их засварын ажил гүйцэтгэгч байгууллагатай хуйвалдан төсвийн мөнгө хувьдаа завшсан зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш