Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монгол, Беларусийн Засгийн газар хороондын комиссын VIII хуралдааны хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсад энэ өдрүүдэд албан айлчлал хийж байна.
Тэрбээр айлчлалын хүрээнд хоёр улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр Беларусь улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцээ хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол - Беларусын парламентын бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг болон Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд, ААН-үүдийн төлөөлөл оролцож байна.
Төлөөлөгчид өнөөдөр Беларусийн хөдөө аж ахуйн машин механизмын тэргүүлэх үйлдвэрлэгч Минскийн тракторын үйлдвэр (МТЗ), Минскийн автомашины үйлдвэр (МАЗ) зэрэг томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн туршлага, технологийн шийдлийг судаллаа.
Мөн хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, инженер техникийн боловсон хүчин бэлтгэх, инновац, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Минскийн тракторын үйлдвэр нь 1946 оны 5-р сарын 29-нд байгуулагдсан. Төв байр нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод байрладаг. 80 жилийн түүхэнд тус үйлдвэр 4 сая гаруй трактор үйлдвэрлээд байна. Жилд 45 мянга орчим машин үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүний 90 гаруй хувь дэлхийн 125 оронд экспортлогддог нь дэлхийн тракторын зах зээлийн 8-10 хувийг эзэлж байна. Үйлдвэрт 15 мянган гаруй хүн ажилладаг.
МТЗ нь Монголтой хамтран ажиллаж ирсэн арвин түүхтэй. 1986 онд үйлдвэр нь Монгол Улсын "Алтангадас" одонгоор шагнагджээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын айлчлалын хүрээнд Монгол Улсад трактор нийлүүлэх угсралтын үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэн эхлүүлэхээр боллоо. Тухайлбал, Минскийн тракторын үйлдвэр” (МТЗ)-ийн Ерөнхий захирлын орлогч А.А.Казакевичтэй уулзан Беларусь талаас МТЗ, ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон юм.
Минскийн автомашины үйлдвэр нь Зүүн Европ дахь ачааны машин, автобус, тусгай техникийн хамгийн том үйлдвэрлэгч. 1944 оны 8-р сарын 9-нд Минск хотод байгуулагдаж, анх засварын газар болж ажиллаж эхэлсэн. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа 1947 онд анхны МАЗ-200 ачааны машиныг угсарч эхэлсэнээр эхлүүлсэн түүхтэй.
Одоогийн байдлаар МАЗ нь хүнд даацын ачааны машин, тусгай зориулалтын машин, автобус, троллейбус, чиргүүл техник үйлдвэрлэдэг. 500 гаруй загвар, 3000 гаруй модификаци бүхий өргөн хүрээний автотехникийг үйлдвэрлэж байна. 2024 онд 15,000 ширхэг техник үйлдвэрлэсэн бөгөөд борлуулалт 1.2 тэрбум ам.долларт хүрчээ. Үйлдвэрлэсэн техникийнхээ 70 гаруй хувийг экспортлодог бөгөөд экспортын 62 орчим хувь нь ОХУ-д нийлүүлэгддэг. Өнөөдрийн байдлаар нийт экспортын хэмжээ 1.5 тэрбум ам.доллараас даваад байна.
Монгол Улс, Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж ирсэн. Өнөөдөр хоёр улсын иргэд харилцан 90 хүртэл хоног визгүй зорчиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрх зүйн орчин бүрэн бүрдээд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 310 дугаар тогтоолоор баталсан “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд онцгой байдал, нийтийн үйлчилгээ болон хөдөө аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл эрчимжиж, салбаруудын чадавх нэмэгдсэн.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 310 дугаар тогтоолоор “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталснаар дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
Үүнд, ОБЕГ-т гал унтраах 73 автомашин , Минскийн автомашины үйлдвэрийн замын засвар, цэвэрлэгээний 42 автомашин, хөдөө аж ахуйн салбарт трактор 117 МТЗ трактор, 417 техник нийлүүлсэн юм.
Энэхүү айлчлалын ач холбогдлыг Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэхэд чухал алхам болно гэж талууд үзэж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


