Нийслэлд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг эрчимжүүлж, уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулдаг ээлжит шуурхай хурал өнөөдөр болж, төслийн нэгжийн удирдлагууд хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлаа танилцуулан, цаашдын шийдэл, зохион байгуулалтын арга хэмжээг хэлэлцлээ.
Тухайлбал, “Улаанбаатар трам” төслийн трасс дагуух газар чөлөөлөлтийн ажлыг дөрөвдүгээр сараас эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тус төслийн трасс дагуу нийт 278 нэгж талбар өртөж байгааг анхааруулж, шуурхай хэрэгжүүлэх чиглэлийг өглөө. Төслийн хоёрдугаар шугамын Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг БОУАӨЯ-ны мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж, 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хэлэлцүүлэн дэмжигдсэн. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар хэлэлцүүлж дэмжсэн.
Нэгдүгээр тойрог зам төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендэрийг зарласан бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр нээхээр бэлтгэл ажлыг хангаж буй талаар төслийн захирал А.Ербол танилцуулсан. Мөн Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 95 хувьтай хийгдэж байна.
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын ажил 64 хувтай байна. Хоёр буудлын барилгын ажил дуусаж, засал чимэглэлийн ажил хийгдэж эхэлжээ.
Туулын хурдны замын төслийн тухайд, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БОУАӨЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж санал бүхий байдлаар дэмжигдсэн. Тус төслийн газар чөлөөлөлтийн ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн бөгөөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 22 нэгж талбарыг чөлөөлжээ. Гүүрийн барилга угсралтын ажил 2026 оны дөрөвдүгээр сард эхэлнэ.
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн хувьд, түр замын трассыг батлуулж, үнс зайлуулах ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна.
Шуурхай хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай төслүүдийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нээлттэй танилцуулж байхыг онцгойлон анхааруулж, гүйцэтгэл, тулгамдсан асуудал болон өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэн, ажлын явцыг эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.
