logo
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулна

Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулна

2026/03/04

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Тус төсөл нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан бөгөөд хотын үндсэн болон гол гудамж, замуудын огтлолцлоос үүдэлтэй саатлыг инженерийн цогц шийдлээр бууруулахад чиглэж буй.

Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулан, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой.

Нийт 18 байршилд 4,500 метр урт нүхэн гарц, 9,000 метр авто зам шинээр барьж байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд таван байршилд техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулж баталсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар, Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Баянзүрх дүүргийн Офицерийн уулзвар, Наадамчдын замын явган хүний гүүр, мөн Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд Нарт хотхоноос зүүн тийш гүүрэн байгууламж барих юм. 

Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан бөгөөд хотын төвийн бүсийн замын ачаалал буурч, зорчих хугацаа богиносох, шатахуун зарцуулалт багасах, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр нөлөө бий болно. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш