Нийслэл Улаанбаатар хотод одоогоор 280 орчим шатахуун түгээх станц (ШТС) ажиллаж байгаа бөгөөд үүнээс 214 нь томоохон аж ахуйн нэгжүүдийн харьяа станцууд байна.
Шатахууны нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд нөөц багассан 104 станцад нийт 1153 тонн АИ-92 бензин буулгаж, нийт 197 цэгт шатахуун түгээлт хийсэн байна. Мөн урд шөнө нэмэлтээр шатахуун нийлүүлэлт хийгдэж, станцуудын нөөц нөхөгдөж эхэлсэн гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.
Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгжийн агуулахад нийт 2200 тонн АИ-92 бензиний үлдэгдэл байгаа бөгөөд шатахуун түгээлт тогтвортой үргэлжилж байна. Үүнээс гадна өнгөрсөн шөнө 38 вагон буюу 2400 тонн автобензин улсын хилээр нэвтрэн орж ирэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ нь нийслэл болон орон нутгийн шатахууны хангалтыг хэвийн түвшинд барихад дэмжлэг үзүүлэх юм.
Холбогдох албаны мэдээллээр, шатахуун түгээлтийн тасалдал гарах эрсдэл буурч, нийлүүлэлтийн хуваарь хэвийн горимд шилжиж байгаа аж. Иргэдийг худал мэдээлэлд автахгүй байх, шатахуун авахдаа дараалал үүсгэхгүй байхыг уриалжээ.
