logo
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна

2025/09/30

Хотын дарга Х.Нямбаатар 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа, 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв. 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “2023 онд нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудаас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Орон сууцны корпорац гэх цөөхөн байгууллагууд ашигтай ажиллаж байсан. Харин өнөөдрийн байдлаар нийт байгууллагуудын 90 орчим хувь нь ашигтай ажиллаж эхэлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийснээр зорчигчид нэмэгдэж, 70 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Ирэх онд 100 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой. Цаашид нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн энэ онд 3.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын зэрэгцээ “Намрын ногоон өдрүүд” зэрэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулж эхэлсэн. Нийгэмд чиглэсэн ийм үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна. Түүнчлэн замын сангийн хөрөнгийг босгосноор нийслэлийн хэмжээнд 250 гаруй км авто замыг шинэчлээд байна. 2026 оноос нийслэл хоёрдугаар түвшний авто замууд болох Тойрог хурдны зам, Туулын хурдны замын төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.  2026-2027 онд нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд зардлаа бууруулж, үр дүнд суурилсан менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш