“Оюутолгой” компанитай байгуулсан гэрээний асуудал маргаантай хэвээр байгаа боловч бүтээн босголт, үйлдвэрлэлийн явц хэвийн явагдаж байгаа тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдэгдсэн. Анхны хөрөнгө оруулалт таван тэрбум ам.доллар нь 7.4 тэрбум болтлоо өссөнийг тодруулахын тулд аудитын шалгалт оруулсан бөгөөд удахгүй дуусах юм байна. “Эрдэнэс-Тавантолгой” компани олборлолтоо эхэлсэнтэй зэрэгцээд Цагаан хаданд экспортын нүүрсийг буулгаж, ачдаг байсан дамжлагыг үгүй болгосноор тээвэрлэлтийн зардал хямдарч, Хятадад нийлүүлж байгаа нүүрсний үнэ долоон ам.доллараар өсч байгаа юм байна. Ингэснээр “Чалько”-д нийлүүлэх “хар алт"-ны олборлолт ашиг авчрахгүй ч алдагдалгүй болж байгаа аж. Иймэрхүү байдлаар “Чалько’’-гийн 186 сая ам.долларын өрийг барагдуулсны дараа зүүн Цанхид олборлолт явуулах оператор компанийг сонгон шалгаруулахдаа тэднийг дахин урих магадлалтай болох гэнэ.