Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2013.04.19/ 09.00 цагт хуралдан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлгийг хийн хуулийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн. Мөн зарим гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ удаагийн хуульд оруулах өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашдаа хугацаа алдалгүй энэ хуулийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэрбээр хуулийн өөрчлөлтийг батлаад мөрдөж байх хугацаанд Засгийн газраас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль оруулж ирнэ гэж байгаа ч хэчнээн хугацааны дараа орж ирэх нь тодорхойгүй учир ойрын хугацаанд хуулийг хүчингүй болгох асуудлыг яаравчлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэрбээр, “Манайд хөрөнгө оруулалт хийж байсан нэг улсын 25 компани зэрэг гарч байгаа тухай мэдээ авлаа. Ухаа худаг өчигдөр хаалгаа хаасан. Үүний ард 1000 гаруй ажилчид, ар гэрийнхэн нь хохирч үлдэж байна. Энэ утгагүй улстөр аюулын дохиог дэлдлээ. Одоо хугацаа алдаж болохгүй” хэмээсэн.
Харин УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, “Хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Ер нь хуулийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж гишүүд үзэж байгаа бол Засгийн газар дээр энэ асуудлыг ярилцахад буруудах зүйлгүй. Эдийн засгийн байнгын хорооноос экспортыг нэмэгдүүлэх боломжийг судлах ажлын хэсэг гарган ажиллуулмаар байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас макро түвшний эдийн засгийн бодлогын ойрын үед танилцуулах хэрэгтэй байна” хэмээн хэлсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.
Г.Бүрэнжаргал