Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх  хурал өнгөрөгч зургадугаар сарын 23, 24-нд Лондон хотноо болсны дараа  түүнийг Германы талд шилжүүлэх эсэх эцсийн шийдвэрийг энэ сарын 12-нд  гаргана хэмээн шүүгч нь мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар шийдвэр манай  талд эцэслэн ирээгүй л байна. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Б.Болороос  тодруулвал "Английн талаас манайд хариу ирүүлээгүй байна. Шүүгч нь энэ  сарын 12-нд шийдвэр гарна гэж танилцуулсан ч албан ёсны мэдэгдэл  ирсэнгүй. Магадгүй шүүх хурлын шийдвэрийг дахин хойшлуулсан байж болох  юм. Тэгээд ч өмгөөлөгчид нь "ойрын хугацаанд шийдвэр гарахгүй байх" гэж  таамаглаж байгаа. Ямар шалтгаанаар шийдвэр гарахгүй байгааг бид  мэдэхгүй" хэмээн хариуожээ. Зургадугаар сард болсон давж заалдах хурал  бүтэн хоёр өдөр үргэлжилсэн ч шийдвэр гараагүй билээ. Шийдвэрийг 14  хоногийн дараа буюу энэ сарын 12-нд гаргахаа мэдэгдсэн ч бас л тодорхой  мэдээлэл одоогоор алга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны  дарга Б.Хурцыг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд Английн "Хитроу" нисэх  онгоцны буудлаас баривчилснаас хойш арван сар өнгөрч байна. Энэ  хугацаанд түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг хэдэнтээ тавьсан ч  Английн тал зөвшөөрөлгүй байсаар өнөөг хүртэл Лондонгийн шоронд түүнийг  хорьсоор байгаа билээ.
                    