logo

Улс төр

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна

Огноо:

,

Одоогоос 35 жилийн өмнө энэ өдөр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түнш орнууд болжээ.

Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт өргөжиж, ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй хөгжиж байна. Энэхүү ойн жилд манай хоёр улс хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгаж, цаашид Стратегийн түншлэлээ бэхжүүлж, улам бүр өргөжүүлэх, ялангуяа хоёр талын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд чиглэсэн, хоёр талын хөгжилд хувь нэмэртэй, бодит, харилцан ашигтай ажлыг хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна.

Ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ “Гучин таван жил гэдэг хугацаа богино мэт боловч хоёр талын хүч чармайлтын дүнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт ёс, ил тод, нээлттэй байдал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өргөжин хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэхэд нэн таатай байна… АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр улсын энэхүү ойр дотно түншлэлийг цаашид улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахдаа баяртай байна” гэж тэмдэглэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэндчилгээндээ “АНУ нь Монгол Улсын Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш байдгаараа бахархдаг, АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүч чармайлтыг тууштай дэмжихээ илэрхийлье…  Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байна” хэмээв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бүтэн жилийн турш хамтран тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлж, харилцан айлчлал зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Улс төр

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёругаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа.

Ээлжит бус чуулганаар:

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Чуулган өнөөдөр буюу баасан гарагийн 14.00 цагаас эхлэх юм байна.

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо.

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.

Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

Мөн Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ.

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцлоо.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох

Дээш