Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөнгийг идсэн байна, хувьдаа завшсан байна гэж нэг ч төгрөгийн акт тавиагүй
2019.04.23

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах зарлиг гаргасан. Энэ хүрээнд ямар ажлууд хийх вэ гэдгээс ярилцлагаа эхлэье гэж бодож байна?

-Монгол Улсын Засгийн газраас “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталсан. Энэ хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөтөлбөрт заагдсан 6 зорилт бүхий 180 гаруй бүлэг ажлыг хийж гүйцэтгэх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах гээд маш олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Нэг үеэ бодоход Монгол Улс хүүхэд хамгааллын цогц бодлоготой болсон. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр гээд бодлогын баримт бичгүүд өнгөрсөн гурван жилийн дотор боловсруулагдаж, батлагдаж, хэрэгжээд явж байна. Шинэ хууль, шинэ бодлогыг хэрэгжүүлэх амаргүй. Энэ бодлогыг хэн хүргэх вэ, яаж хүргэх вэ гэдэг том асуудал байдаг юм байна.

-Тэгвэл өнөөдөр энэ бодлогыг хэрэгжүүлэх бүтэц бүрдэж чадсан уу?

-Монгол Улсын хүүхдийн байгууллагын түүх 1925 оноос эхлэн бичигддэг. Нийгмийн  хөгжлийг дагаад хүүхдийн өмнө тулгамдаж буй хөгжил, хамгааллын баримт бичгүүд маань шинэчлэгдэж гурван жил болж байна шүү дээ. Хүүхдийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогч нарт тусламж үйлчилгээ үзүүлэх ажилд туслах зорилготой  хорооны засаг дарга, сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эмч нарын хамтарсан баг ажиллаж байна. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын чиглэлээр үүрэг хүлээгээд ажиллаж байгаа  609 хамтарсан багийн 4600 гаруй хүн бий. Сум, дүүрэг, хороо, багийн засаг дарга нараас эхлээд хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулж, сургууль бүрийн нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж байгаа. Дээр нь бид Азид анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийг гарган ажиллуулж байна. Улсын хэмжээнд ийм 32 байцаагч хүүхдийн эрхийн 16 зөрчлийн тохиолдол дээр шаардлагатай газар бүрт ажиллаж байна. Хуулийг таниулах, хэрэгжүүлэх, мэдүүлэх, сургалт сурталчилгаа явуулах гээд ажилд маш их цаг, шаардлагатай хөрөнгийг нь зарцуулж байгаа.

-Тэгвэл хүүхэд хамгааллын ажил яг хүүхэддээ хүрч чадаж байна уу?

-Чадахын тулд бид ажиллаж байгаа. Хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд голдуу зөрчигдөж байна. Тиймээс гэр бүлийн анхаарал халамж сул, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг, эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдийн нэгдсэн судалгааг гаргалаа.  Хороо, хэсэг бүрээс судалгаа авч, эрсдлийн программд судалгаагаа нэгтгэж оруулсан. Өнөөдөр улсын хэмжээнд 20 орчим мянган хүүхэд  эрсдэлтэй бүлэгт байна гэсэн судалгаа гарч, холбогдох мэдээлэл бий болоод байна. Одоо энэ программыг Үндэсний статистикийн хорооны өрхийн мэдээллийн нэгдсэн сантай холбохоор ярилцаж байна. Ингэснээр эрсдэлтэй бүлэгт амьдарч байгаа хүүхдүүд  хүүхдийн мөнгөө авч байна уу, хүнсний талон авч байна уу, нийгмийн тусламж дэмжлэг эрсдэлтэй бүлэгт хүрч  чадаж байна уу, үгүй юу гэдгийг хянах боломж бүрдэх юм.  Үүний зэрэгцээ Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, МУИС-ийн Социологийн тэнхимтэй хамтран  өрхийн хэрэглээний судалгааг анх удаа хийлээ. Монгол улс   800 гаруй мянган өрхтэй. Энэ өрхөд ямар хэрэгцээ байна вэ гэдгийг судалж үзсэн. Мэдээж айл өрхийн хэрэгцээ хязгааргүй. Гэхдээ гэр бүлийн хэрэгцээг 10 бүлэг болгон  тодорхойлж, нийтдээ 24 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэсэн судалгаа гаргаад байна.

-Уучлаарай, харамсалтай нь хүүхдэд зарцуулагдах ёстой хөрөнгө зохих эзэндээ хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна?

- Хүүхэд хөгжил хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга авсан мэтээр анх намайг их л баалж, элдвээр бичиж байна. Чи боддоо, ямар ч тэнэг хүн батлагдсан нийт төсвийнхөө 60 хувиар нь ширээ сандал авчихаад сууж байна гэж байхгүй биз дээ.  Энэ төсвийн мөнгөний 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүлийн газар хэлтсүүдэд хуваарилсан. Шинээр байгуулагдсан сургалт судалгаа мэдээллийн төв, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй зарим нэг орон нутгийн залуучуудын хөгжлийн төвүүдэд 50,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж тавилга, “Өнөр бүл” хүүхдийн төвд архивын тоног төхөөрөмжид 23,0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардалд 75,0 сая, түр хамгаалах байрны хүүхдийн ор дэвсгэр, гал тогоо тоглоомын өрөөний тохижилтод зориулж 44,5 сая төгрөгийн гээд нийт 192,5 сая төгрөгийг зарцуулсан байдаг юм.

Дээрх зардал нь хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулахад шаардлагатай байсан зүйлсийг бүрдүүлэхэд зарцуулсан гэсэн үг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд  “Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагын төв” 24 цагийн турш ажилладаг. Энэ утсанд өдөрт 450-500 орчим дуудлага ирдэг. Хүүхэд ч бай том хүн ч бай залгаад “Надад тусламж хэрэгтэй байна. Зодуулж, байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байна” гэхэд бид “Аан тийм үү, би цагдаа дуудаад өгье” гээд сууж байх нь утгагүй биз дээ.

Тиймээс Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл авч, яаралтай тусламжийн ажилтнууд дуудлага өгсөн газарт очдог, хүүхдийг хамгаалах түр байрандаа авчирч байршуулан, эмнэлэг болон бусад бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Түр хамгаалах байртай” болсон. Зөвхөн 2018 онд гэхэд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1100 хүүхэд “Түр хамгаалах байр”-аар үйлчлүүлсэн. Нийтдээ 2018 онд хүүхэд хамгааллын үйлчилгээг 17 мянга гаруй хүүхдэд үзүүлсэн. Дээр нь “Өнөр бүл төв”, Олон Улсын хүүхдийн Найрамдал зуслан байна. Энэ бүх төвүүдийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ авсан 17 мянган хүүхдэд л энэ мөнгө зарцуулагдсан.

-Түр хамгаалах байранд ямар зардал мөнгө зарцуулагддаг юм бэ?

- Агентлагийн дэргэдэх Түр хамгаалах байрны хувьд 2019 оны төсөв өнгөрсөн 2018 оны төсвөөс 20 орчим хувиар нэмэгдэж батлагдсан. 2019 онд нийт 208 сая төгрөг батлагдсанаас 50 орчим хувь буюу 98.5 сая төгрөг нь цалингийн зардал бусад зардал нь түр хамгаалах байранд үйлчилгээ авч буй хүүхдийн хоол хүнс, зөөлөн эдлэл, цэвэрлэгээ, тогтмол зардлууд болох ус, цахилгаан, дулааны зардал эзэлж байна. Хүүхдийг хамгаалж байна гээд хөндий хоосон өрөөнд оруулаад орхичихож болохгүй биз дээ. Тиймээс 2018 оны төсвөөс ор дэр, хөнжил гудас, хоол унд хийх тогоо шанага хүртэл авах хэрэгтэй болсон. Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын байранд 1100 гаруй хүүхэд ирж үйлчилгээ авсан. Энэ 1000 гаруй хүүхдийн дөрвөн зууг нь дуудлага өгсний дагуу газар дээрээс нь очиж авсан байгаа. Хүчирхийлэлд өртсөн, хаягдсан, хараа хяналтгүй төөрсөн, бэртэж гэмтсэн хүүхдүүдийг хамгаалах байранд хооллох, хувцаслах, шаардлагатай эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй болдог.

Ихэнх нь суурь өвчтэй хүүхдүүд ирдэг. Манай нийгмийн ажилтнууд эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүүхдийг аваад л яг ээж шиг нь, эцэг эх шиг нь асарч халамжлаад эмнэлэгт цуг хэвтдэг. Тэднийг хичээл, сургуульд нь хүртэл зөөдөг. Ямар ч хувцасгүй, нүцгэн ирсэн хүүхдүүдийг иж бүрэн хувцаслаад оймс, бандааш хүртэл авч өгөх шаардлагатай болдог.  Журмын дагуу нэг хүүхдийг 72 цаг “Түр хамгаалах байр”-д байрлуулах ёстой. Гэтэл хүчирхийлэлд өртсөн, хохирсон хүүхдийн асуудал 72 цагийн дотор шийдэгддэггүй. Засаг даргын захирамж, хамтарсан багийн дүгнэлт, шүүхийн шийдвэр гэх мэт олон асуудал үүний цаана явж байдаг. Гэр бүлийн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хараа, хяналтгүй хүүхдийг “72 цагийн чинь хугацаа өнгөрчихлөө. Одоо гар” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Асуудал шийдэгдтэл хүүхдийг асарч хамгаалах шаардлагатай болдог. Өнгөрсөн онд “Түр хамгаалах байр”-д 2-оос дээш удаа ирсэн нийт 14 хүүхдийг асрамжийн газарт шилжүүлсэн. Зарим эцэг эхчүүд ирээд хүүхдээ аваад явдаг. “Миний буруу байна. Бид хүүхдээ өөрөө өсгөнө” гэж хэлээд тэр хүмүүс хүүхдээ авч байгаа ч гэсэн манай нийгмийн ажилтнууд байнга эргэх холбоотой ажиллаж, дахин эрх нь зөрчигдөж байна уу, үгүй юу гэдгийг хянаж, судалгаа хийж байгаа.

-Гэхдээ гэрийн бүлийн, хүүхдийн хүчирхийлэл буурахгүй нэмэгдэж байгаа юм шиг санагддаг?

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гарч ирснээр гэр бүл доторх маргаан, зөрчил гэмт хэрэг гэж тооцогддог болсон. Урьд нь “Эхнэр нөхөр хоёр хэрэлдэж л байна. Хүүхдээ нэг нь зодож л байна. Эр, эм хоёрын хооронд илжиг бүү жороол” гэдэг байдлаар хүмүүс ханддаг байсан бол өнөөдөр иргэд мэдээлдэг, эхнэр нөхөр, хүүхэд өөрөө хохирч байна гэдгээ мэддэг, эрхээ хамгаалуулах ёстой гэдгээ ухамсарладаг болсон. Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр  нуугдмал байсан гэмт хэргүүд ил гарах боломж бүрдсэн.  Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа дуудлагын тоо нэмэгдсэн. Өдөрт 150-200 орчим дуудлага ирдэг байсан бол өнөөдөр энэ тоо бараг 2.5 дахин нэмэгдсэн.  Иргэд хүчирхийллийг үл тэвчих хандлагатай болсон.  Энэ бол маш сайн зүйл. Үүнийг дагаад гэр бүлийн хүчирхийлэлтэй  холбоотой хэрэг  буурч байгаа.

Цагдаагийн газраас 2019 оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг 15 хувиар буурсан гэсэн тоо гаргасан байна. Тоо баримтуудаас харахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн илрүүлэлт сайжирч, гаралт буурч байна. Харин одоо  хохирогчийг цаашид яах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Жишээлбэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн охиныг хамгаалалтад аваад, гэм буруутай хүнд шүүхээс ял оноолоо. Өнөөх хохирогч охиныг цаашид яах вэ? Ингээд орхих уу, эсвэл тэр хүүхдийн сэтгэл зүйг засах, нийгэмшүүлэх, бие сэтгэлийн хувьд бүрэн эрүүлжиж,  эргээд хуучин байдалд нь оруулахын тулд тэр охинд ямар үйлчилгээг хэн үзүүлэх вэ гэдэг асуудал урган гарч ирж байгаа.  Жишээлбэл бид нэг төрийн бус байгууллагатай гэрээ хийгээд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 16 охинд үйлчилгээ үзүүлж байна.  Хүчирхийлэлд өртсөн нэг охинтой ажиллахад хамгийн багадаа л дөрвөн сар зарцуулж байна. Энэ мэтчилэн яриад байвал асар их бэрхшээл бий.

-Нэг хүүхэд мориноос унаж гэмтэхэд, эсвэл ямар нэг хүчингийн хэрэг гарангуут хүүхэд хамгааллын байгууллага хаана байна гээд л шуугиад эхэлдэг.  Гэр бүлийн хүчирхийлэл болон  хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил хийгдэхгүй байна гэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байдаг?

-Урьдчилан сэргийлэх ажлыг их өргөн далайцтай хийх ёстой. Манайхаас маш олон төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулдаг. Янз бүрийн аян хэрэгжүүлдэг.  Урьдчилан сэргийлэх, мэдээлэл олгох, мэдлэг, дадал суулгах ажил ганцхан сургалтаар төгс төгөлдөр болчихгүй. Жишээлбэл манайд гэр бүлийн боловсрол олгох сургалтууд албан бус байдлаар явагддаг. Гэтэл үүнийг албан ёсны  болгох хэрэгтэй юм байна. Хүн гэр бүлээ хайрлах, эмэгтэй хүнийг хүндлэх, үр хүүхдээ асарч хамгаалах үүрэгтэй  гэдгийг бүр өсвөр үеэс нь хичээлийнх нь хөтөлбөрт суулгаж өгч,  ирээдүйн өрх гэрийн эзэд, ээж нарыг  бэлтгэх ёстой юм байна гэдэг дээр бид санал нэг байгаа. Өнгөрсөн жил гэхэд бид 50 мянга гаруй эцэг эхчүүдэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Нийт төсвийнхөө 60 орчим хувийг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан.  Ганцхан жишээ дурьдахад улсын хэмжээнд бүх аймаг,сум, дүүрэг, баг, хороо, хэсгийн ахлагч 4000 гаруй хүнийг хамарсан гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх, хуулиар хүлээсэн үүргээ яаж биелүүлэх талаар сургалт зохион байгуулсан.

Сургалт болсны дараахан нэг аймагт ноцтой гэмт хэрэг гарсан. Судлаад үзтэл хэрэг гарсан багийн дарга нь хүчирхийллийг мэдээлэх сургалтад аймгаасаа суугаагүй байх жишээтэй.  Тэр багийн дарга хүн нөхөр нь эхнэрээ зоддог гэдгийг мэдэж байсан. Хэрвээ тэр мэдээлсэн бол эхнэрээ зоддог тэр хүнд зөрчил үүсгээд, албадан сургалтад суулгаад ноцтой гэмт хэрэг гарахгүй байх боломж бүрдэх байжээ гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Сургалт үе шаттай, байнга явагдах ёстой.  Сургалтуудад тодорхой хэмжээний төсөв мөнгө шаардлагатай болно. Гэтэл аудит маань “Үр дүнгүй сургалт хийлээ” гээд дүгнэлт гаргаж байх жишээтэй. Ер нь манайд урьдчилан сэргийлэх ажлыг ойлгох, үнэлж дүгнэх асуудал бас л учир дутагдалтай байна. Мэргэжлийн байгууллага бүү хэл хувь хүмүүс ч энэ талаар мэддэггүй.  Өнгөрсөн жил манайх хурдан морины унаач хүүхдийн  даатгалын бүтээгдэхүүний үнэлгээг дээшлүүлсэн. Даатгалын хураамжийг 20 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлээд хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, даатгалд хамруулдаг болсон.

Яагаад гэхээр хүүхдийн төрсний гэрчилгээнд зураг байдаггүй. Уяач нар морины уралдааны бүртгэл дээр том хүүхэд дагуулж ирж бүртгүүлээд яг уралдаанд жижиг хүүхэд явуулдаг, өнөөх хүүхэд гэмтэж бэртэхээр даатгалын компаниуд энэ хүүхэд биш байна, бичиг баримт нь зөрчилтэй байна гээд нөхөн төлбөр олгодоггүй байсан. Үүнийг цэгцлэхийн тулд хурууны хээгээр бүртгэдэг болсон. Өнөөдөр улсын хэмжээнд 6500 хүүхэд хурдан морь унаж байна. Үүнээс 3000 гаруй хүүхэд жилд 2-3 удаа улс, аймгийн чанартай уралдаанд байнга оролцож байна. Унаач хүүхдүүдийн нэгдсэн бүртгэлтэй болсноор хэн хэзээ гэмтэж бэртсэн, эмнэлэгийн ямар үйлчилгээ тусламж авсныг энэ бүртгэл дээрээс мэдэх боломжтой болж байгаа юм. Жишээ нь гурван сарын өмнө мориноос унаж гэмтэл авсан хүүхдийг дахиад морь унуулах гээд дагуулаад ирэхэд манай ажилтан “Морь унаж болно” гэсэн эмчийн дүгнэлт шаардаж байгаа. Энэ ажлыг ажил хэрэг болгож, зохион байгуулах гэж уяачдын холбоотой бүтэн хоёр жил ярилцаж, хамтран ажиллаж  байж одоо л нэг жигдрэх шатандаа орж байна шүү дээ.

-О.Алтансүх гэдэг хүн өөрийнхөө найз нөхдийн төрийн бус байгууллагад баахан мөнгө өгч, гэрээгээр ажил гүйцэтгүүлж байна гэсэн хардлага их байна л даа?

-Үндэсний аудитын газар, манай яамнаас шалгалт ирсэн. Дүгнэлтүүдээ гаргасан. Энэ дүгнэлтүүд ил тод байгаа. Хэн ч манай сайт руу ороод татаж аваад үзэж болно. Үндэсний аудитын газраас О.Алтансүх гэдэг хүн хүүхэд хамгааллын зардлын мөнгийг идсэн байна, хувьдаа завшсан байна гэж нэг ч төгрөгийн акт тавиагүй. Харин засч сайжруулах ёстой зүйлүүд байна гэж үзэж, хязгаарлалттай дүгнэлт гаргасан. Би өөрийнхөө найз нөхдөд, эсвэл танил талдаа ямар ч мөнгө төгрөг өгөөгүй.  Өнгөрсөн онд хүүхэд хамгааллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 19 төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ 19 төрийн бус байгууллагыг Алтансүх өөрөө дур мэдэн сонгоогүй. Төрийн бус байгууллагуудыг Магадлан итгэмжлэх зөвлөл гэж бий. Энэ зөвлөл дүгнэлт гаргаад магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаас энэ байгууллагатай хамтарч ажиллаж болно гээд санал өгдөг.

Энэ саналын дагуу бид гэрээ байгуулж ажилладаг. Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг нөхөн сэргээх, гудамжинд хараа хяналтгүй яваа хүүхдүүдийг гэр бүлд нь нэгтгэх гэх мэт ажлуудыг бид төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн. Нийтдээ 350 гаруй сая төгрөгийг 19 төрийн бус байгууллагад олгож, хамтран ажилласан. Нэг зүйлийг хатуу хэлэхэд энэ салбарт хүүхэд хамгааллийн чиглэлээр ажиллаж байсан төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид өмнө нь төсөл хөтөлбөр бичиж, гадаадын тусламжийн байгууллагаас дэмжлэг авч, хүүхэд хамгааллийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Төрөөс тэднийг дэмжээд, хуримтлуулсан туршлага, хийсэн судалгаан дээр нь үндэслээд хамтран ажиллаж байгаа. Энд хүүхдийн төлөө зарцуулагдах мөнгөнөөс ашиг хонжоо хайсан нэг ч хүн байхгүй гэдгийг хэлмээр байна. Үндэсний аудитын газрын дүгнэлтийг мушгин гуйвуулж, О.Алтансүх гэдэг хүн рүү ээлж дараагүй дайрч, довтолж, элдвээр гүтгэж гүжирдэж байгаа. Миний хувьд асуудалд хүлээцтэйгээр хандсаар ирсэн.

Гэвч сүүлдээ хэрээс хэтэрч байна. Бүүр мөнгө төлж, худал мэдээлэл түгээдэг боллоо. Тиймээс гүтгэлэг, доромжлол тараагаад байгаа хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авахуулна. Ийм аргаар хэн нэгнийг буулган авч бүхэл бүтэн салбараар нь тоглох гэсэн явуургүй арга гэдгийг л хэлье. Энд хүүхдийн эрх, ашиг, хувь хүний нууц, ёс зүйтэй холбоотой маш эмзэг асуудал яригддаг. Бид өдөр болгон хэвлэлийнхэнг дуудаж, өчигдөр тэдэн хүүхэд тэгж аварлаа, тэгж хамгааллаа, тэр хүчингийн хэрэг үйлдэж, энэ гэр бүлээ дарамталсан байна гэж мэдээлээд байж таарахгүй. Энэ бол шоудаж болдоггүй салбар. Энд хүний эрх, хүүхдийн ирээдүй, амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн асар том асуудал яригдаж байдаг юм.

-Түр хамгаалах байранд ирж байгаа хүүхэд бүр насны хувьд ч ахуй байдлын хувьд ч өөр, өөр хүүхдүүд ирж байгаа? Энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг юм бэ?

-Хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь наадах чинь. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15 настай охин, эцэг эх нь гудамжинд орхиод явсан 1.5 сартай хүүхдийг нэг дор байрлуулж, асарч хамгаалах хэцүү. Дээрээс нь гудамжнаас олдсон, хоол тэжээлийн доройтолд орсон нярайг асрах, сувилах, эмчилгээ хийх эмч манайд байдаггүй. Тиймээс би Эрүүл мэндийн яамны харьяанд байдаг Нялхасын төв сувиллын захиралтай уулзаад хамтарч ажиллах төлөвлөгөө гарган нярай хүүхдийг түр хамгаалалтад авах, клиник сувилгаа үзүүлэх өрөө гаргасан. Үүнийг бас л буруутгаад хөрөнгө мөнгө буруу зарцуулсан гэж ярьж байх жишээтэй. Өнгөрсөн жил эрсдэлтэй бүлэгт амьдарч байгаа хүүхдүүдийг зусланд хамруулах, тэдэнд мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах ажил хийсэн. “Ээлтэй ертөнц” гээд төрийн бус байгууллагатай хамтраад өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа 150 ээжийг амралтын газар аваачаад, сайн дурын  ажилтнууд  хүүхдийг нь хараад, сэргээн засах эмч нар хөдөлгөөн заслын талаар зөвлөгөө, өгч, сургалт явуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэрээсээ ч гарч чаддаггүй ээжүүд хэд хоног ч гэсэн амарч, хүүхдүүд нь сүүлдээ зуслангаас буцахгүй, явахгүй гээд уйлж байсан. Үүнийг харах үнэхээр сэтгэл эмтрэм байдаг.

Энэ жил бид Найрамдал зуслан дээр хоёр ээлж авахаар ажиллаж байна. Энэ арга хэмжээ нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, буруу дадал зуршилд автахаас хамгаалах зорилгоор 700 хөвгүүдэд зориулсан хоёр ээлж авахаар төлөвлөөд, судалгаагаа гаргаад ажиллахаар бэлтгэж байна. Охидын ээлжинд хамрагдах хүүхдүүдэд хууль, сэтгэл зүй, өөрийгөө илэрхийлэх, хамгаалуулах эрхийн талаар мэдээлэл олгоно. Сэтгэл зүйч ажиллуулна. Хөвгүүдэд хууль, ёс зүй, бусдыг энэрч хайрлах, бусдад туслах чиглэлийн сургалтууд зохион байгуулахаар бэлтгэж байна.

-Тэгвэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр 1.7 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан, хүүхдэд зарцуулах ёстой мөнгийг хувьдаа завшсан гэж бичээд, аудитын дүгнэлт гэх материал дэлгэж гаргаж ирээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Хүчин төгөлдөр бус, өөрөөрхэлбэл хуурамч материал гаргаж ирж, үүнийгээ баримт болгон ашиглаж, элдэв гүтгэлэг тараагаад байгаа. Хуулийн байгууллага хэний зөв бурууг тогтоогоод өгнө биз дээ. Үндэсний аудитын газраас О.Алтансүх гэдэг хүн хүүхэд хамгааллын зардлын мөнгийг идсэн байна, хувьдаа завшсан байна гэж нэг ч төгрөгийн акт тавиагүй гэдгийг дахин хэлье.

-Гэр бүлийн хүчирхийлэл өртөгчдийн ихэнх нь архины хамааралтай байгаа. Энэ хүмүүст ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Үнэхээр архидалт газар авсан байна. Архидалттай газар хүүхдийн эрх зөрчигдөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна. Энэ чиглэлээр бид урьдчилан сэргийлэх ажил төлөвлөж, мөн архины хамааралтай иргэдийг архинаас гаргах, хүүхдийг дахин хүчирхийлэлд өртүүлэхгүй байх талаас нь гэр бүл, эцэг эхтэй нь ажиллах, энэ чиглэлээр сайн туршлагатай байгууллагыг сонгож ажиллах болно. Эхний ээлжинд нийслэлийн төвийн 6 дүүргээс 20 орчим архины хамааралтай гэр бүлийг сонгон авч үйлчилгээ үзүүлж ажиллана. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

Монгол Улсын Засгийн газраас “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлб...

Уншсан: 16013 | Түгээх |
Холбоотой мэдээ
С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалах нь чухал
22 цаг 55 минутын өмнө
Б.Нямдаваа: Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг аз жаргал
2019.10.31
Г.Гэрэл: “XXI Зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн зөвлөгөөн болно
2019.10.28
Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого нийт зардлын 15 хувиас хэтэрдэггүй
2019.10.08
Б.Баттүшиг: Токиогийн олимпын үеэр Токиод Монголыг сурталчилсан өргөө байгуулахыг зорьж байна
2019.10.01
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон сэргэлтийг цаа...
22 цаг 55 минутын өмнө
Б.Нямдаваа: Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна...
2019.10.31
Г.Гэрэл: “XXI Зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр ...
2019.10.28
Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого н...
2019.10.08
Б.Баттүшиг: Токиогийн олимпын үеэр Токиод Монголыг...
2019.10.01
Н.Баяртсайхан: Мөнгөний бодлого, банкны хяналт зох...
2019.10.01
Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэх...
2019.09.20
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэ...
2019.09.13
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл яв...
2019.09.06
Б.Төмөр: Монголын баг сагсны ДАШТ-д зодоглох цаг о...
2019.08.27
Алтан гартай Чой Бум Чэ эмч ”Алтан гадас” одон...
2019.07.22
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компа...
2019.07.03
П.Хорлоо: 2017-2018 онд 942 хүүхэд мориноос унаж, ...
2019.07.02
Т.Батцогт: Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууру...
2019.07.01
Б.Баянжаргал: Бид Жэжүгийн аялалыг 12 жил хамгийн ...
2019.06.25
Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт с...
2019.05.23
Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө...
2019.05.16
Ч.Мөнхбаяр: Хөгжлийн банк аль болох урт хугацаатай...
2019.05.08
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөн...
2019.04.23
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
Б.Анаргэрэл: Клара охины дүрд 2 дахь жилдээ тоглох...
2018.12.18
Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зө...
2018.12.04
Д.Батбаатар: МАН хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөө...
2018.11.30
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн ш...
2018.11.15
Монгол Улс 2023 оноос эрчим хүчний хэрэгцээгээ дот...
2018.11.12
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим...
2018.09.20
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнх...
2018.08.09
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд м...
2018.08.15
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн ш...
2018.11.15
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөн...
2019.04.23
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Э...
2018.09.19
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компа...
2019.07.03
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой х...
2018.09.09
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011