Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Бишрэлт трейд” компанийн захирал Б.Ундармаа: Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд амьдралдаа бага алдаа гаргадаг
2011.08.13
-“Бишрэлт” гэдэг том айлын эзэгтэйн нэг өдөр ажил ихтэй байдаг байх. Таньтай уулзах гэж нэлээн хүлээлээ?
-Өнөөдрийн зах зээлийн нийгэмд хүн бүрийн өдөр тутмын амьдрал ачаалал ихтэй байгаа. Миний хувьд хот, орон нутгийн болон эмэгтэйчүүдийн байгууллага зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагад сонгуульт ажилтай учраас өдөр өдрийн ажлаа ихэвчлэн урьдчилаад төлөвлөсөн байдаг. Гэхдээ долоо хоногийн эхний болон сүүлийн өдрүүдэд ажил нэлээд шахуу байхаас гадна гэнэтийн шийдвэрлэх асуудлууд их орж ирдэг. Гадаа урин дулаан цаг ирж, өдөр уртассан энэ үед болж өгвөл аль болох л их ажил амжуулахыг хичээж явна даа.
-Таны эцэг гавьяат эдийн засагч Батбаяр. Айлын ууган охины бага нас үүрэг дүүрэн байсан байх?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Айлын том охин. Аав, ээж хоёр маань банк санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Дүү маань эмч. Миний бага нас тэр үеийн хүүхдүүдийн л адил өнгөрсөн. Цэцэрлэг, сургууль гээд. Аав, ээж хоёр маань ажил ихтэй учир эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. 10 дугаар ангиа 24 дүгээр сургуулийг төгссөн. Багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан юм шиг байгаа юм. Бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга, эвлэлийн үүрийн дарга гээд сонгуульт ажлуудыг хийнэ. Шинэ жилээр цасан охин, шинэ он болно, бас жил бүрийн урлагийн үзлэгт маш идэвхтэй бэлдэнээ. Ер нь сургуулиас зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд их идэвхтэй оролцоно шүү.
-10 жилийн сурагч ахуйн хамгийн дурсгалтай мөч гэвэл…?
-10-р ангиа онц төгсч, тэр хаврын сүүлчийн мөнгөн хонхыг цохиж байсан маань миний амьдралын хамгийн дурсгалтай үе юм даа.
-Тэгээд  тэр үеийн онц сурлагатны жишгээр ЗСБНХУ руу эрдмийг сурахаар одсон уу?
-Москвад тэр үеийн Удирдлагын дээд сургуульд инженер, эдийн засагч, удирдлага зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Манай сургуульд Герман, Чех, Польш, Унгар гээд олон орны хүүхдүүд суралцдаг байлаа. Тэдний дунд  Монголын хэдэн  оюутнууд сайн суралцаж, эх орныхоо нэрийг гаргаж байлаа. Одоо манай сургууль ОХУ-ын удирдлагын академи болсон байна лээ.
-Эмээ, өвөөгийн хүүхэд их хэрсүү байдаг?
-Тийм л дээ. Аав маань “Айлын том хүүхэд ямар байхаас л дүү нар нь хамаардаг юм. Тийм учраас чи ямар байна. Дүү нар чинь тийм байна. Бусад ах дүү нарын хүүхдүүд ч гэсэн адил. “ чи сайн байх ёстой шүү” гэж захидаг байсан. Эмээ, өвөөгийн хувьд гэвэл бага байхад харж, өсгөж өгч ээж, аавд маань ажил хөдөлмөрөө эрхлэхэд тус болж байсан. Харин цэцэрлэг сургуульд ороод дүүтэйгээ хамт өглөө гараад л орой орж ирдэг. Айлын том хүүхэд юм чинь мэдээж гэр орноо цэвэрлэх, хоол ундаа хийх, хичээл сургуульдаа амжилттай суралцах гээд хариуцлага хүлээлгүй яахав. Тухайн үед манай 24 дүгээр сургуулийн багш нар их мундаг байсан.  Дашдаваа, Рэгзэдмаа, Маналжав гээд багш нар маань хариуцлага үүрүүлж олимпиодод оруулдаг байсан. Тэдний хүчинд сургууль, дүүрэг, улсын олимпиодод амжилттай оролцдог байсан.
-Дүү Болормаа чинь?
-Дүү маань Хуучнаар Ленинград хотын Анагаахын дээд сургуулийг төгсөөд Монголдоо ирж  Анагаахын дээд сургуульд  багшийн ажлаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
-Хойно оюутан байхдаа нөхөртэйгээ танилцсан гэл үү?
-Бид хоёр оюутан байхдаа танилцаад төгсч ирээд гэр бүл болсон. Бид хоёр Эрхүүгийн хэлний бэлтгэлд хамт сурч байлаа. Манай нөхөр хуульч, эдийн засагч  мэргэжилтэй. Манай хүн Эрхүүд, би Москвад сурч байсан болохоор таван жил үерхэж байгаад Монголдоо ирээд гэрлэсэн. Тэгээд ч тэр үед хойшоо сургуульд явахад нэлээд семинардаж явуулдаг байлаа. Улсын зардлаар өч төчнөөн хөрөнгө мөнгөөр сурч байж, сургуулиа төгсөөгүй байж гэр бүл болж болохгүй, жирэмсэн болж болохгүй гэж хатуу зааварчилгаа өгдөг байсан. Тэр ч нөлөөлсөн юм уу, бид хоёр 5 жил үерхээд, төгсөж ирсэн хойноо хуримаа хийн, нэг гэрт орж, хүүтэй болсон доо.
-Нөхрийнхөө юунд нь анх татагдсан бэ?
-Хүний их нандин нууц руу халдаж байх чинь(инээв). Бодоод байсан чинь надаас хүмүүс ингэж асууж байгаагүй юм байна. Залуу байлаа, мэдээж таалагдаад л үерхсэн. Ханийн маань тууштай, намайг гэсэн чин сэтгэл нь таалагддаг байсан.
-Их дипломат хариулт байх чинь? Эрчүүд эхэлдэг ч эцсийн сонголтыг хүүхнүүд л хийдэг гэдэг байх аа? Таныг их гоё өндөр цагаан охин байсан, залуучууд ч их хуйлардаг байсан гэж сонсч байсан юм байна?
-Тухайн үед арван жилдээ ч оюутан ахуйдаа захиа энэ тэр авдаг л байсан. Гэхдээ тэр захиа нь надад их төвөгтэй санагддаг байсан. Яагаад гэвэл ангийн хүүхдүүд шоолно. Их түвэгтэй. Ээж маань надад эмэгтэй хүний амьдралын үүрэг хариуцлага, зовлон жаргалын талаар илэн далангүй ярьж хэлж ойлгуулдаг байсан. Биеийн чинь юм ингэж ирнэ, ийм үед жирэмсэн болно, жирэмсэн болчихвол сургууль соёлд сурч чадахгүй. Үерхсэн ч гэсэн ийм түвшинд ингэж үерхвэл зүгээр юм биш үү гэж санал солилцоно. Эцэг эхийн хараа хяналтаас хол гадаад руу охиноо явж байхад эндчих вий, хичээл номноосоо хөндийрөх вий гээд санаа зовон охидын эмч дээр хүртэл аваачиж үзүүлж, зөвлөгөө өгүүлсэн юмдаг. Бид нарыг гадаад явахад улс эх орон маань их анхаарал тавьж хувцсыг маань хүртэл бэлдэж өгч байсан. УИД-ийг нэг өдөр хааж байгаад шинээр гадаад явж буй оюутнууд үйлчлүүлж байлаа. Энэ бүх итгэл хариуцлагыг алдахгүй сайн сурахыг л хичээж ирсэн дээ.
-Бас степендтэй?
-Онц сурвал 90 рубль. Сайн сурвал 84 рублийн степендтэй. Бид 84, 90 хоёрын хооронд л хөвөөд байдаг байлаа.
-Нөхрөө дагуулаад анх ороод ирэхэд аав, ээж тань ямар дүн тавьж байсан бэ?
-Манай хүн чинь олон талаараа сүрхий. Хичээл номондоо сайн, урлаг, спортын авьяастай. Бид нарын үеийнхэн их даруухан байлаа. Эрэгтэйчүүд нь л үерхье гэхээс эмэгтэйчүүд нь тэгж явахгүй. Нэг тийм хүлээлтийн байдалтай л байсан гэх үү дээ. Ойлголт бол нэг тиймэрхүү л байсан. Охид эрэгтэй хүүхдэд захиа өгснийг би лав ховор л сонсож байсан. Аав, ээжтэйгээ анх танилцуулахад даруухан, нүдэнд дулаахан хүү байна гэсэн дээ.
-Эмэгтэй хүн гэр бүлийн бүх менежментийг хийдэг. Та мэдээж чадварлаг “менежер” байх?
-Мэдээж эмэгтэй хүн юм чинь гэрийнхээ бүхий л ажилд оролцож, зохицуулахыг хичээдэг. Бидний үед угаалгын машин, памперс байсан биш. Гэхдээ манай гэр бүлийн хүн сайн тусланаа. Энэ эмэгтэй хүний ажил гэж ерөөсөө хандахгүй. Тоос сорогч аваад тоосоо соруулчих, хувцасаа угааж, индүүдэх гэх мэтээр гэрийн ажилд ер нь түүртэхгүй. Одоо бол би оройтож харьдаг. Гэхдээ алдаагаа мэдээд өглөө эртхэн босоод өглөөний цайгаа бэлтгэн гэр бүлээрээ цайгаа ууцгаана. Явсаар байгаад л орой харьдаг учир өглөө л хичээнэ дээ.
-Хүүхдүүд том болчихсон юм чинь бас ачаа хөнгөрч байгаа биз?
-Тэгэлгүй яахав. Охин маань 12-той. Хүү маань 22-той том хүүхдүүд болцгоосон болохоор миний гарыг харахгүй өөрсдийнхөө болон гэрийнхээ нэлээд юмыг зохицуулаад хийчихэж байна.
-Танай компани гоо сайхны том бренд Shiseido-г оруулж ирсэн. Энэ өндөр шалгуурыг танайх давсан нь та бүхний амжилтын нэг илэрхийлэл байх?
-Манай Монгол улсыг хүн ам цөөн, худалдан авах чадвар бага гээд голж, чамлаж байсан л даа. Гадныхан Монголчуудыг морь мал унасан, малчин айлуудаар л төсөөлдөг юм билээ. Гэвч энэ хатуу ширүүн уур амьсгалтай улсад манай бүсгүйчүүд арьсаа маш сайн арчилж, биеэ ч сайхан авч явдаг нь бахархмаар. Монгол бүсгүйчүүд маань зоригтой, хүчтэй. Би олон эрчүүдээс Монгол бүсгүйчүүдийг зоримог гэдгийг сонсож байсан. Энэ брэндийг оруулж ирсэн нь миний гэхээсээ илүү хамт олны маань хөдөлмөрийн үр дүн. Эхэлсэнээ дуусгадаг, зорьсондоо хүрдэг, тууштай чанарууд маань нөлөөлсөн. Shisiedo брэнд Монголд маш олон хэрэглэгчтэй юм билээ. Орж ирсэн эхний өдрөөс нь эхлээд ямар ч сурталчилгаа тайлбаргүй, хэрэглэгчид маань манай худалдааны зөвлөхүүдтэй  бараг зэрэгцэж бүтээгдэхүүнүүдийн чанарыг нарийн сайн ярьж байсан. Монгол бүсгүйчүүд маань их мундаг шүү.
-Та өөрөө ямар брэнд хэрэглэдэг вэ?
-Мэдээж Shiseido. Манай компани олон брэнд оруулж ирдэг. Би өөрийнхөө компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг л дээ. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэгч нар маань ч их таашаадаг. Бид ч дэлхийн сайн бүтээгдэхүүнийг л оруулж ирдэг учраас нүүр бардам байдаг юм.
-Та Монгол хүүхнүүд их зоримог гэж ярьсан. Эрт дээр үеэсээ эрчүүд нь дайн, ан ав гээд гэрийн бараа харахгүй байхад арыг нь дааж яваа хүүхнүүд нь хүчирхэг, зоримог байх нь арга ч үгүй биз?
-Монгол бүсгүйчүүдийн зоримог, үнэнч чанарууд нь генээсээ генд уламжлагдан ирсэн гэж би боддог. Эр нөхрүүд нь дайн байлдаанд явчихаар эхнэр нь ар талыг нь бүрэн дааж үлддэг. Үр хүүхдээ өсгөөд, арын бүх ачааг үүрч ёстой л хатан ухаан гаргаж ирсэн Монгол хүүхнүүдээр бахархахгүй байхын аргагүй ээ.
-Хүзүү хаашаа вэ толгой тийшээ гэж үгтэй. Та нөхөртөө хэр нөлөөлдөг вэ?
-Нөлөөлнө гэж арай хатуудах байхаа. Ер нь манай Монгол эрчүүд их мундаг аа. Том том асуудлыг шийдээд л энэ нийгмийг аваад явж байна. Эр хүнгүйгээр бид чинь хэн билээ. Гэхдээ  эмэгтэйчүүдэд эрчүүдээс давуу чанар олон бий. Нийгмийн, гэр бүлийн, эрүүл мэндийн гээд яалт ч үгүй эмэгтэй хүний торгон мэдрэмж, мяндсан ухааныг шаардсан ажил зөндөө байна. Асуудлууд ч их байна. Би саналаа чөлөөтэй хэлдэг, яаж хүлээж авах нь тэр хүний л асуудал шүү дээ. Монголын эрчүүд ийм ухаалаг байж, бүсгүйчүүддээ хүндэтгэлтэй хандаж, орон зайг нь бий болгож өгөөгүй бол хүүхнүүдэд бас хэцүү л байсан байх. Эмэгтэйчүүдийг дорд үздэг улс орон  олон л байна шүү дээ. Би ч гэсэн өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа нь аав маань охидуудаа, эхнэрээ, хань маань намайг хүндэлж явж байгаагийн  нэг илрэл гэж боддог. Түүнээс биш хэзээ ч биднийг  “Чи эмэгтэй хүн хүүхэд гаргаж, хоол хийгээд л, хойш  сууж, гэртээ л  байх ёстой” гэж хүмүүжүүлж, харьцаагүй шүү дээ. Эмэгтэйчүүд өнөөдөр хүчтэй, боловсролтой, ажил хэрэгч байх бүх боломжуудыг эрчүүд маань олгож өгсөн гэж би үздэг.
-Монгол гэр бүл охин хүүхдэдээ илүү анхаарал тавьдаг. Эр хүн юм чинь  болно гэдэг ойлголт эргээд эрчүүдийг сүйрүүлж байх шиг?
-Тийм л дээ. “Чи эр хүн юм чинь яахав, болно” гэж зөнд нь орхиж байгаа нь эрчүүдийн төлөвшил, хүмүүжил, боловсролд  сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.  Ялангуяа их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын хүйсийн харьцаа алдсан байна. Эрчүүд хар бор ажилд зүтгэж, гадаад улс орон /солонгос/ руу гарч ажиллах болсон нь  харамсалтай л санагддаг. Ид мэргэжил мэдлэг эзэмшиж, хийж бүтээх болон  нөхөн үржихүйн насан  дээрээ яваа, гэр бүл болж хамтын амьдрал зохион үр хүүхдээ өсгөдөг үедээ гэр бүлийн гишүүд  хол байснаар,  бие холдвол сэтгэл холдоно гэдэг  болж байгаа юм. Үүнээс үүдээд  гэр бүл салалт нэмэгдэж, үр хүүхдийн төлөвшил, хүмүүжил, боловсролд сөргөөр нөлөөлж байгаа л даа.
-Та эрчүүдийг их магтлаа. Гэхдээ өнөөдөр эрчүүд маань эмэгтэйчүүддээ гологдоод байна гэдгийг бол хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Энэ бол харьцангуй ойлголт. Эрчүүд маань учиргүй гологдох нь юу юм мэдээж тодорхой түвшинд бүсгүйчүүддээ хандаж байгаа хандлага, гэр бүлээ авч яваа байдал, анхаарал халамж, бор дарсыг ихээр хэрэглэж байгаа зэргээс үүдэлтэй зөрчлүүд гарч байна.
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялагдаж байсан. Ялагдах хэцүү байсан уу?
-Үргэлж ялж, үргэлж ялагдана гэж байхгүй шүү дээ. Гэхдээ эрсдлийг бас тооцоолох ёстой байх. Яахав энэ нь надад улс төр гэдэг ийм л байдаг гэж нэг ёсондоо  ялагдлын амтыг мэдрүүлсэн байх. Түүнээс биш нэг  их тэгж гашуудаад байсан юм байхгүй. Сургамж авсан. Луйвар, булхай гээд яриад байвал бас ярьж хэлж чадна, гэхдээ тэгмээргүй байна.
-Өнөөдрийн Монголын улс төрийн ийм бохир орчин руу та яаж зориглож орохоор шийдэв?
-Өнөөдөр хар амиа бодоод байгаад байвал болж байна л даа. Ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт гээд сэтгэл зовоосон асуудал их байна. Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүд нь гудамжинд явж байхад нь эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэл өвдөж, яах вэ гэсэн бодол төрж байдаг. Хүн амын талаас илүү хувийг эзэлдэг  эмэгтэйчүүдийн төлөөлөл, дуу хоолой шийдвэр гаргах түвшинд цөөн  байгаа нь харамсалтай. Тэгээд ч багаасаа  олон нийтийн болон эмэгтэйчүүдийн байгууллага гээд яваад  ирсэн  нийгмийн идэвхитэй нэгэн байсан. Түүнээс биш нэг л өглөө босч ирээд, “За улс төрд орноо” гээд гүйчихсэн юм биш л дээ.
-Одоо та хэдэн хүнийг удирдаж ажиллуулж байна?
-Худалдаа, үйлчилгээ, үйлдвэр, барилга, банк санхүү, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж тэдгээрт 2000 орчим хүн ажилладаг. Манай салбар бүрийг хариуцсан захирлууд байдаг.
-Монголд ажлын байр байвч шаардлага хангах хүн ховор байна гэдэг. Энэ танд мэдрэгддэг үү?
-Залуучууд нэг сургууль төгссөн, мэргэжил эзэмшсэн байдаг ч яг ажлын байран дээр ирээд бүрэн дүүрэн үүрэг хариуцлага хүлээж чаддаггүй. Энэ бол манай монголчуудын нэг том дутагдал. Хамгийн наад зах нь л нэг үйлчилгээний ажилтан байлаа гэхэд хүн орж ирэхэд ажлын байран дээрээ байдаггүй, эсвэл хоорондоо яриад л сууж байдаг. Ажлаа хүндэтгэх шалтгаангүй тасладаг. Тэгээд тэр хүнийг ажилд сургаж зааж өгч, чиглүүлсээр байгаад хамаг цаг өнгөрдөг. Гэтэл сураад мэдээд авчихаараа биеэ тоогоод л, тогтвор суурьшилгүй , ажлаа солиод  явдаг нийтлэг дутагдлууд ажиглагддаг.
-Танай компани саяхан Японы далайн цэвэр сувдны үзэсгэлэн зохион байгуулсан. Сувд таны сонирхол уу?
-Сувдыг би илүү хэрэглэдэг л дээ. Надад ээлтэй чулуу. Сувд бас эрүүл мэнд, амь насыг хамгаалдаг гэж ярьдаг. Тэр үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад Монгол хүүхнүүд сувдны талаар чамгүй мэдлэгтэй юм байна гэж Япончууд гайхаж байсан. Сувд бол хар, цагаан, ногоон гээд олон янз байдаг л даа. Надад нэлээд хэдэн сувд бий.
-Танай гэрийн тохижилтыг сонирхвол ямар өнгө давамгайлсан айл вэ?
-Товчхондоо классик стилийнх. Манай охин цагаан, хүү цайвардуу гэнэ. Нэгэнт л хүн өөрөө тэр өрөөнд амьдарч байгаа учраас өөрийнхөө хүссэнээр тохижуулах сонирхолтой байдаг байх.
-Гэр бүл гэдэг нандин ертөнц таны бодлоор…?
-Гэр бүл гэдэг бол маш өргөн том ухагдахуун тухайн хүний амьдрах хамгийн таатай, чухал,  орчин. Гэр бүлээс тухайн хүн амьдралын эрч хүч , энергийг авч, аз жаргалыг мэдэрч байдаг амин орчин юм. Гэр бүл  байна гэдэг өөрийнхөө эрхийг багасгаж, бусдынхаа эрхийг илүү хүндлэхийг хэлдэг гэж би боддог. Эхнэр нөхөр хоёр бол өөр өөр орчинд хүмүүжиж, төлөвшсөн аливаа зүйлд хандах хандлага, дадал зуршлын ялгаатай, өөр өөр амьдралын хэв маягтай хүмүүс. Ийм хоёр өөр хүн хайр сэтгэлээр нийлээд нэг гэрт ороход олон зүйл дээр зөрчилдөх нь ойлгомжтой. Тийм учраас гэр бүлийн гишүүн байна гэдэг өөрийн үүргийг хоёр дахин нэмэгдүүлж, эрхийг хоёр дахин хасч байна гэсэн үг. Ер нь эмэгтэй хүн л үлгэрлэх хэрэгтэй гэж боддог. Амьдрал бас хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн шүү дээ. Эмэгтэй хүнээс асар их юм шаарддаг. 
-Эмэгтэй хүн олон зүйл дээр гомдолтой үлддэг нь энэ хорвоогийн жам гэлтэй. Танд ийм тохиолдол хэр олон бэ?
-Эрэгтэй хүн эхнэрээ ээжтэйгээ, эмэгтэйчүүд эр нөхрөө аавтайгаа харьцуулдаг гэж уншиж байсан. Эр хүний эмэгтэй хүнд хандах хандлагын хамгийн том төсөөлөл ээж нь. Эмэгтэй хүн тэр гэр бүлд ямар орон зайтай байх вэ гэдэг нь зөвхөн өөрөөс нь шалтгаална. Хүндлэгдэх зүйлээ өөрөө л хийж байж хүндлүүлнэ, хайрлуулна. Түүнээс биш намайг хүндэлсэнгүй, хайрласангүй гээд гомдоллоод байвал юу болох бол. Гомдоллож байж өөрийн орон зайгаа бий болгодоггүй л байх.Гэхдээ бүсгүйчүүд бид чинь өрөвч зөөлөн шүү дээ.
-Гэр бүлийн салалт их байгаагийн шалтгааныг юу гэж та хэлэх вэ?
-Нөхөртөө ямар нэг хэмжээгээр үгүйлэгдэх хэмжээнд л тэр эмэгтэй амьдарч байж өөрийн ертөнцөө тунхаглах ёстой байх. Түүнээс биш огт үгүйлэгдэхгүй нэгэн байх юм бол эрчүүд маань өөр юм бодох байх л даа. Гэхдээ энд хувь хүний зан чанар, төлөвшил хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Эрчүүдэд найз нөхөд нь их нөлөөлдөг юм шиг санагддаг. Түүнээс гадна эр хүйсийн байгалийн өгөгдөхүүнийг ч эмэгтэйчүүд маань судалж, ойлгох ёстой байхаа. Эмэгтэйчүүд “Чи тэгсэнгүй ингэсэнгүй” гээд л байдаг. Гэтэл тэр чинь бас хүн. Хэдийгээр гомдоллохгүй байгаа ч гомдмоор юм олон л байгаа шүү дээ. Тэрийг нь бас олж харахыг хичээх ёстой байх. Эмэгтэйчүүд бол уйлаад, найз нөхөддөө яриад сэтгэлээ илэрхийлчихнэ. Эрчүүд бол тэгдэггүй шүү дээ. Тиймээс тэднийг төмөр мэт бодоод байж болохгүй л дээ.
-Зарим хүн 20, 30 жил ханилахдаа бие биенээ муухай ч харж үзээгүй гэж ярьдаг. Хоёр өөр ертөнцөөс ирж нэг гэрт амьдарч байгаа хүмүүс зөрчилдөхгүй байх нь үлгэрт л гардаг юм шиг л санагддаг?
-Тийм л дээ. Тэгэхдээ би ийм юманд дуртай, манайх  ингэдэг байсан гээд зүтгээд байвал дуусахгүй, маргаан ч намжихгүй. Тиймээс хэн хэн нь хүлээцтэй уужуу тайван байж энэ хорвоод амьдарна. Амьдрал бол баян. Хүний амьдралд маш их юм тохиолдоно. Тэр бүгдийг хүлээцтэй  байж, тэвчээрийн хүчээр ялах байхаа.
-Танай гэр бүл дуу чангарах үед хэн нь түрүүлж “цагаан туг” өргөх үү?
-Ер нь манай эрчүүд эмэгтэйчүүдийг  дийлж байж санаа нь амардаг гэдэг биз дээ. Тэр л жишгээр байдаг байх. Эрчүүд ч гэсэн биднийг сэтгэл зүйгээр жаахан тайвшруулаад “За за чинийхээр больё” гээд л хэлчихэд хүүхнүүд угаасаа уян, зөөлөн юм чинь. Жаахан тайвшруулахад л ойлгоод, уучлаад.... Ер нь эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд амьдралдаа бага алдаа гаргадаг байх. Эмэгтэйчүүд чинь тийм хэцүү муухай ааштай хүмүүс биш шүү дээ.
-Хүн алдсан алдааныхаа хэмжээгээр эрх чөлөөгөө хасуулдаг гэдэг үгтэй. Тиймээс эрчүүд илүү алдаж, тэр хэмжээгээр эрх чөлөөгөө хасуулдаг гэж үү?
-Хатуугаар хэлэх юм бол тийм л байх. Бид ч гэсэн алдаа гаргавал тэрийгээ засахыг л хичээнэ. Би ч гэсэн залуу байхдаа ажил ихтэй яваад хоолоо оройтуулаад нөхөр маань ийм орой идсэн хоол шингэхгүй, идэхгүй гэнэ. Надад бол бас тийм бэрхшээл гарч байсан л даа.
-Таны хадам ээж радиогийн Буянхишиг. Хадам бэрийн харилцаа гэр бүлд бас их нөлөөтэй байдаг?
-Манай хадам ээж их хөдөлмөрч эмэгтэй, би яаж ийм их юм амжуулдаг юм болоо гэж залуудаа их боддог байлаа. Маш их ажил амжуулна. Ном редакторлоод, бичлэг хийлгээд хэзээний телевизэд очоод ярилцлага өгчихсөн сууж байна. Радиодоо бэлдэх ёстой бүх нэвтрүүлгээ хийнэ. Тэгээд ийм их ажилтай мөртлөө би их ядарлаа, маш их ажилтай байна гэж ерөөсөө өгүүлэл тавьдаггүй гайхамшигтай ховор эмэгтэй. Энэ их ажлын хажуугаар хүүхдүүдээ ч сайхан зөв хүмүүжүүлсэн нь их бахархмаар. 
–Хадам ээжийн тухай их тийм хахир хатуу ойлголт байдаг?
-Би тэрийг чинь ерөөсөө ойлгодоггүй юмаа. Бид хоёр төгсч ирээд л тусдаа гарсан. Хадмуудтайгаа хамт амьдраад байсан он жилүүд цөөхөн. Хүүхдүүд бага байхад манай аавынд жил гаруй амьдарсан байх. Тийм учраас амьдралын аахаар шаахар проблем бидэнд байсангүй. Хадам ээжийн онигоог би жаахан хэтрүүлэгтэй  юм болов уу л гэж боддог. Манай хадам ээж надад эвгүй хандаж байсан үе байхгүй учраас надад дандаа сайхан,  гэгээн дурсамжууд байдаг.
-Танай гэр бүлийн аз жаргалтай мөчүүд гэвэл...?
-Манай гэр бүл аливаа зүйлийг дандаа сайн, сайхан талаас нь хардаг.Хүүхэдтэй болж, төрсөн өдрөө тэмдэглэх, ажлын дараа халуун ам бүлээрээ хоолоо идэх, кино үзэх, хөгжилтэй зүйлс ярих, охиныхоо хөгжим тоглохыг сонсох гээд аз жаргалтай мөчүүд олон байдаг. Манай гэр бүл хүмүүсийг дүгнээд цэгнээд яриад байдаггүй өөрсөддөө хамаатай зүйлийн тухай л ярина. Асуудлуудаа хоорондоо ярьж зөвлөлдөнө.
-Та орой болтол их ажилладаг гэлээ. Хардуулах үе байсан уу?
-Байдаг юм уу байдаггүй юм уу би мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан тийм дүр төрхийг надад хэзээ ч үзүүлж байгаагүй. Тэр нь надад маш их амар амгалан, ажил төрлөө тайван хийх нийгмийнхээ, бусдын төлөө байх боломж бололцоог олгож байдаг. Орой болохоор “Чи хаагуур явав” гээд араас шалгаагаад утасдаад байдаггүй. Энэ нь хар багаасаа ханилаад өдий олон жил бие биеийнхээ итгэлийг даагаад амьдарч ирсэнтэй бас холбоотой байдаг байх.
Ц.ЭНХЗУЛ
 

Өнөөдрийн зах зээлийн нийгэмд хүн бүрийн өдөр тутмын амьдрал ачаалал ихтэй байг...

Уншсан: 107 | Түгээх |
Холбоотой мэдээ
Зөн билэгч Дмитрий Волховын зөвлөгөө, тэмдэглэлийг сонирхуулж байна
2017.05.05
Софи Лоренд таагүй дурсамж үлдээсэн гэрэл зураг
2017.04.24
Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ
2017.04.03
Гавьяатын гэнэтийн бэлэг ээжүүдэд таалагдав
2017.03.14
Бурханч лам Г.Пүрэвбат докторын зэрэг хамгааллаа
2017.02.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 8
Зөн билэгч Дмитрий Волховын зөвлөгөө, тэмдэглэлийг...
2017.05.05
Софи Лоренд таагүй дурсамж үлдээсэн гэрэл зураг
2017.04.24
Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд ш...
2017.04.03
Гавьяатын гэнэтийн бэлэг ээжүүдэд таалагдав
2017.03.14
Бурханч лам Г.Пүрэвбат докторын зэрэг хамгааллаа
2017.02.09
Гучин жилээс хоцрогсдыг “Мөнгөн шөнө” хүлээн а...
2016.12.15
Э.Болор-Уянга: Сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урл...
2016.04.16
Дуучин Нара шууд нэвтрүүлгийг орхиж гарлаа
2016.03.21
Н.Ундрал хүн бүрийн хүслийг дуундаа мөнхөлжээ
2016.01.14
Н.Ану: Арай амжилттай яваа хэдийгээ л элдвээр хэлэ...
2015.11.26
Төрмөл авьяастай төгөлдөр хуурчийг нэхэн дурсахуй ...
2015.11.06
Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд ш...
2015.11.05
Жүжигчин Б.Навчаа хайрынхаа төлөө “муу зуршил”...
2015.10.26
Жүжигчин Б.Тамир “баар” -нд дарвиж явна
2015.10.23
Нийтийн дууны ертөнцөд Б.Дүгэрсүрэн, Э.Болормаа гэ...
2015.10.21
Сибирийн шулам, зөн билэгч Елена Глунова Монголд и...
2015.10.08
С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгох тушаал гаргала...
2015.10.05
Елена Глунова Монголоос дуу хоолой сонсов уу
2015.10.02
Хамгийн чухал нь хөгжим, тэгээд хоол унд, дараа нь...
2015.10.02
Р.Хишигдэлгэр: Надад одоо миссийн тэмцээнд орж, ца...
2015.09.11
Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалт б...
2015.08.12
М.Ананд төрсөн нутгийнхандаа "усны машин бэлэглэжэ...
2015.07.23
Төрийн түшээдийн наадмын гоёл /фото/
2015.07.11
Арлын орныхонд "адлагдсан" аварга
2015.06.11
Жүжигчин Н.Мөнхсоёл: "Жинхэнэ эр хүний дүрд тоглох...
2015.06.04
Хатуухан бодолтой реппер Gee ямар үед эр хүний зан...
2015.06.03
МУГЖ Т.Ариунаа: Хамтдаа амьдралыг бүтээнэ гэдэг ау...
2015.05.19
"Киви"-гийн Ц.Намуунаа анхны бие даасан "One momen...
2015.04.28
Өнөөдөр зууны манлай, поп дуучин Б.Сарантуяагийн т...
2015.04.20
Эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн бол үндэсн...
2015.03.31
Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд ш...
2017.04.03
Мисс Б.Бадамцэцэг дахин нүцгэлэхгүй
2013.07.22
Аглуу нойр муутай, эхнэр нь ааш муутай
2013.04.19
Зураг түүх өгүүлнэ
2013.05.08
Дурсъя... Дуулъя... /Дуучин Д.Эрдэнэцэцэг агсны гэ...
2012.12.14
Жүжигчин А.Ганчимэгийн зургуудаас
2013.05.08
Э.Болор-Уянга: Сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урл...
2016.04.16
Диана гүнжийн даашинзууд 860 гаруй мянган еврогийн...
2013.03.21
Селена Гомесийн шинэ төрх...
2013.11.11
Төрийн түшээдийн наадмын гоёл /фото/
2015.07.11
Загвар өмсөгч О.Амгаланбаатар ургийн бичиг хөтөлдө...
2014.08.20
Хэн нь илүү вэ...
2013.07.08
Загвар өмсөгч Б.Сайнаа хөхөө ил гаргаж сэтгүүлийн ...
2012.12.17
Мисс Ё.Нямжавын улс төрд орох болсон шалтгаан
2014.10.04
Ука хамтлагаа голсон уу, уйдсан уу ...
2013.06.14
Жүжигчин Б.Тамир “баар” -нд дарвиж явна
2015.10.23
Ахмад жүжигчин Цэмпилмаа гавьяат цолоор энгэрээ мя...
2013.07.09
Гамбууш шинэ төрхөө гайхуулж байна
2013.10.14
Keeley Hazell: Би хямдхан бүсгүй биш
2011.11.24
Дуучин Э.Төрмандах: Хүүхэнд аархана гэж юу байхав ...
2013.04.20
Э.Одгэрэл “үүлэн дунд” амьдарч байна
2012.08.04
Солонгосын хөл бөмбөгийн од нэрт жүжигчин бүсгүйтэ...
2013.07.02
МУГЖ Г.Эрдэнэбат орчлонгийн сайхан хүүхнүүдийг маг...
2014.03.03
Их аварга Д.Давгадорж хөрөнгөөрөө азийн баячуудтай...
2012.11.10
Гамбуушийн төрсөн өдрийн кабаре шоу
2012.08.22
Хуан Жу Гэг Монголд ирнэ
2012.08.16
П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаагийн ээж ж...
2014.07.21
Зөн билэгч Дмитрий Волховын зөвлөгөө, тэмдэглэлийг...
2017.05.05
Софи Лоренд таагүй дурсамж үлдээсэн гэрэл зураг
2017.04.24
МУГЖ Ц.Үенч энэтхэг эртэй хорших нь
2013.04.23
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011