logo
Буруу хооллолт цээж хорсгодог

Буруу хооллолт цээж хорсгодог

2012/08/22
Цээж хорсох нь ихэнхдээ хоол боловсруулах замын ноцтой өвчний илрэл байдаг.

Ихэнхдээ цээж хорсох нь буруу хооллосноос эхтэй. Ялангуяа их ажилтай, эсвэл яаруу сандруу хүмүүс сууж тайван хооллохын оронд явдал дундаа иддэг. Энэ нь даамжирсаар өвчинд хүргэнэ. Цээж хорсох үндсэн шалтгаануудын нэг нь илүүдэл жин. Хүн их идсээр ходоод нь сунадаг. Мөн таргалж эхэлнэ. Улмаар гэдэс доторх даралт тун өндөр болдог. Энэ бүхэн мөн цээж хорсохын эхлэл.

Дээр нь архи их уух, кофе уух, шоколад их идэх, хийжүүлсэн ундаа юм уу халуун ногоотой хурц хоол их иддэг бол эрт орой хэзээ нэгэн цагт цээж хорсоно. Цээж хорсох механизм туйлын энгийн. Хүн хоол идэхэд улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог. Хоол ходоод руу орох үед улаан хоолой ба ходоодны дунд байрлах хавхлаг нээгдэж хаагдаж байдаг. Энэ хавхлаг дутуу хаагдсанаар ходоодны хүчил улаан хоолой руу орж ирэн түлнэ. Ингээд цээж хавиар түлэгдэж хорсох эвгүй мэдрэмж төрдөг.

Хэрэв цээж хорсох явдал олонтаа давтагдаж, та өөрөө эмчилгээ хийлгэхгүй байгаа бол ойрын хугацаанд ходоодны шархлаа үүсч мэднэ. Тиймээс сод уухын оронд эмчид очоорой. Цээж хорсох өвчнийг хоолны дэглэм барьснаар эмчилдэг. Ихэнхдээ хүнсний ногоо, бүдүүн ширхэгтэй үр тарианы бүтээгдэхүүн зэргийг иддэг.

Ер нь цээж хорсох өвчтэй болохгүйн тулд их идэхээс сэргийл. Хүн их идэж таргалснаас дотор эрхтэнүүд өөхөлж багтаж ядан улмаар гэдэс доторх даралт өндөр болдог. Энэ нь ходоодны хавхлагууд гүйцэд хаагдахад саад учруулдаг. Эсвэл тарган биш байлаа ч цээж хорсолт үүсгэдэг хүнсний зүйлс, тухайлбал архи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой болон өөх тостой хоол зэргийг багаар хүртэж сурах хэрэгтэй.

Мөн аль болох ойр ойр, бага багаар иднэ. Унтахын өмнө хоол идэж огт болохгүй. Жингээ байнга хянаж, архи тамхийг мартвал зохино. Заримдаа сүү цээж хорсохыг дардаг боловч өвчнийг нь биш шинж тэмдгийг нь дардаг гэдгийг бүү март. Гэхдээ содыг бодвол хоргүй.

Н.Туяа /Монцамэ/

Сэтгэгдэлүүд

Дээш