logo
Лхасын Жоканг сүмийн өмнө хоёр лам зулын гол болжээ

Лхасын Жоканг сүмийн өмнө хоёр лам зулын гол болжээ

2012/05/30
Энэ сарын 27-нд Түвдийн нийслэл Лхасын Жоканг сүмийн өмнө хоёр лам зулын гол болжээ. Үүний улмаас нэг лам газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдсэн байна. "Radio Free Asia"-гийн мэдээлснээр лам нарын нэг нь 19, нөгөө нь 22 настай аж. Урьд нь Лхаст лам нар зулын гол болсон удаа байгаагүй тул Хятадын цагдаа нар тус бүс нутагт харуул хамгаалалтаа чангатгаж эхэлжээ. Хууль сахиулагчид Лхаст гар утасны сүлжээг хааж, оршин суугчдын бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж байгаа талаарх мэдээлэл цацагдсан байна. Зарим хэвлэлд мэдээлснээр дээрх хэргийн дараа түвдүүд эсэргүүцлийн жагсаал хийхийг оролдсон ч бүтэлгүйтсэн бөгөөд энэ үеэр олон хүнийг баривчилжээ. Хятадын Коммунист намын орон нутгийн үүрийн төлөөлөгч Хао Пэн болсон явдалд эгдүүцэж, энэ нь Түвдийг Хятадаас тусгаарлах гэсэн оролдлого гэв. Өнгөрсөн оны гуравдугаар сараас лам нар зулын гол болох үзэгдэл мэр сэр гарах болсон билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Түвдийн тусгаар тогтнолын төлөө 30 гаруй лам зулын гол болсон аж. Үүний зэрэгцээ Хятадын эрх баригчид соёл, шашныг нь уландаа гишгэн, хүний эрхийг зөрчиж буй талаар түвдүүд шүүмжлэх болсон юм. Харин тус улсын эрх баригчид зулын гол болсон лам нарыг алан хядагчид хэмээн үзэж, хилийн чанадад амьдарч буй XIV Далай лам уг хэргийг хөхиүлэн дэмжиж байгаа хэмээн шүүмжлээд байгаа. 2008 оноос түвдүүд тусгаар тогтнолынхоо төлөө идэвхтэй тэмцэх болсон билээ. Түвд лам нар Лхас хотноо эсэргүүцлийн жагсаал хийж цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас 20 хүн нас барж, хэдэн зуун лам нарыг баривчилсан юм. 

Сэтгэгдэлүүд

Дээш