logo
Сайн эрчүүд мөн  үү? / цуврал нийтлэл/

Сайн эрчүүд мөн үү? / цуврал нийтлэл/

2012/05/16
Эрт урьдын цагт зарим нь аймаг хошуу өртөөлөн хазаар гүйлгэж, нөгөө хэсэг нь феодал ноёд, манж амбаны өөдөөс зарга үүсгэж, есөн эрүү шүүлтийг давж явсан эрчүүдийг “Сайн эрчүүд” гэдэг байж л дээ. Тоорой банди, Тогос Чүлтэм, ард Аюуш гээд л домог болон нэрлэгддэг. Цаанадаж эх орон , наанадаж ядарсан олныхоо өмч хөрөнгийг ийш тийш нь чоно үнэгний явдлаар зувчуулан зөөж, сорж шамшигдуулсаар өчүүхэн жижиг хүрэн өнгийн “Шалз”-наас “Хувалз” болтлоо хөөж тарга тэвээрэг авсан хэсэг нөхдийг МАН-ынхан “Сайн эрчүүд” гэж өөгшүүлэн бөөцийлэх нь нөгөө эрт урьдын сайн эрчүүдээс тэс ондоо юм гээч. “Сайн эрчүүд” харгис ноёны адуу малыг хөөж, ядуустаа тарааж өгнө. Яг л Цахиур Төмөр шиг. Харин МАН-ын “Сайн эрчүүд” төрийн өмчийг өм цөм идэж намдаа авчирч хандивлана. Сайн эрчүүд гэдэг чинь энэ л дээ. Луйварчид шүү дээ. Монгол оронд авлига хээл хахууль хэр хэмжээсээ хэтэрсэн үү гэхээс багадаагүй. Дэлхийн улс гүрний хэмжээнд авлига ихтэй адгийн орны тоонд Монгол Улс бичигдэж нэр нүүр хоёроо барж яваа нь үнэн. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 22 жилийн турш аймаг хотын засаг захиргааг Ардын намын / МАХН /-хан дангаараа барьж ирсэн. Авлига хөлжиж үржиж соёолоход эрх баригч Ардын нам “гавъяатай”.
Авлигатай тэмцэнэ гэвэл Ардын намтай тэмцэнэ гэсэн үг. Энэ бол амь өрссөн тэмцэл. АТГ-аас зарим тодруулга хүссэн боловч шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэх шалтгаанаар тодорхой хариулт өгсөнгүй. Ардын намын энэ цагийн сайн эрчүүд гэж хэн хэн нь вэ? Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд нарын үйлдэл нотлогдож үнэний шүүхээс ял зэмлэл зарим нь хүлээж эхлээд байгаа. Харин Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг гээд ар араасаа АТГ-ын хаалга татах этгээдүүд олон байна. Тэд юу юу идэж шамшигдуулсан дарга даамлууд вэ? Яасан гэж АТГ-т дуудагдав.
Түүхт ой тэмдэглэх, тендер шалгаруулах, төсвийн хөрөнгөөр хувийн орон сууц барих, худалдан авах, газрын наймаа хийх, санхүүгийн бичиг баримтыг худал ташаа мэдээлэх, хөшөө,дурсгал байгуулах, зам гүүр,барилгын ажилд зориулагдсан төсвийг зувчуулах, хог тээвэр, цас арилгах төсвийн мөнгөн хөрөнгийг шамшигдуулах, өмч хувьчлалыг луйвардах зэрэг зүсэн бүрийн луйвар хийснийхээ төлөө АТГ-т шалгагдаж байна. Ардын намд сайн эрчүүд байж болно. Харин ард олондоо луйварчин хулгайчаас хэтрэхгүй “Хойт аавын хар гэрт” суулгах учиртай гэмт этгээдүүд гэж хүмүүс үзэн ядна. Сайн эрчүүдийн эгнээнд Ерөнхий сайд Сү.Батболд, сайд Д.Зоригт, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар нэмэгдэж жагсаагдаад удлаа. Мөрдөнгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм билээ.
Араас нь ч шил дарах нөхөд цөөнгүй байгаа. Ардын намынхан уурлалгүй яахав. Голдуу өөрсдийнх нь дарга нар авлигачингаараа дуудуулаад баларч байхад. Гэтэл Ардчилсан намынхан гэхээр аймаг, хотын дарга гэсэн тэр мөнгө угаадаг, үржүүлдэг, ийш тийш нь зувчуулдаг муу аргад суралцуулдаг албан тушаалд нэрлэчихье гэхээр тийм амьтны бараа ч алга. Харин энэ жилээс орон нутгийн сонгуульд АН-аас олон дарга тодорвол дараа жилээс дөрөө нийлэх авлигачид төрж мэднэ. Тэр албанд очиж тарга тэвээрэг авахаар ихэд хорхойсоод байгаа нөхдүүд цөөнгүй тодроод л байгаа. Хэн хүний баяжихын дон, шунал хоёрт ямар хязгаар гэж байх биш. Ардын намын өмөөрөөд байгаа нөхдийн паянг зах зухаас нь цуврал болгон нийтлэсээр л байна.
Энэ удаад манай цувралын гол баатраар Өвөрхангай аймгийн засаг дарга Б.Тогтохсүрэнг тодруулж байна. Түүнтэй холбоотой хэрэг АТГ-т шалгагдаж байгаа юм байна.

Б.Тогтохсүрэн боовон хөшөөгөөр тоглож , орон нутагтаа хөгжүүлнэ гэж үү?  
Тэрээр Н.Ганболд захиралтай Баянтээг компаниар дамжуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын төвийн ашигтай газрыг танил талдаа давуу эрхтэйгээр олгосноос асуудал анх босч иржээ. Уул уурхай, эрдэс баялаг олборлох аж ахуйн нэгжүүдээс үлэмж хэмжээний барьцааны мөнгө,төгрөг салгаж хувьдаа завшсан яриа газар авчээ. Аймгийн Засаг даргын ажлын өнгийг харуулдаг албад нь түүний Тамгын газар, хуулийн хэлтэс, Мэргэжлийн хяналт гэдгийг төрийн албаныхан андахгүй мэднэ. Тэднийгээ хөөж туугаад халж зайлуулаад байгааг бодоход түүний идсэн уусан гэдэг нь ортой болж таарах нь. Өвөрхангай аймгийн төвд Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр босгох бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан юм байна. Гэтэл дундаас нь засаг дарга маань 200 сая төгрөг зувчуулсан хэрэг дэгджээ. Тамгын газрынхаа дарга нарыг хөөж туух болсон түүнээс эхтэй байхыг учир ойлгох хүмүүс үгүйсгэхгүй байналээ. Бурхан буян номын сүслэн дээдлэсэн өглөг буянаас хумсалсан бол хэдэн зуун жилдээ, ураг төрлөөрөө өөдлөхгүй гэдгийг ухаандаа бодмоор л зүйл. Баяжихын дон,шунал хоёрт хөтлөгдсөн хүнд түүнийг ухаарах сэхээгүй мунхагладаг юм гэсэн. Ямар сайндаа Өвөрхангай аймагт боовон хөшөө босгож байна гэсэн нь цуурхал биш бодит ажил байжээ. Нийслэл хотод ирж боовон хөшөө байгуулах захиалга өгч, боов босгож, аймаг орон нутгаа хөгжүүлэх санаатай байж. Засаг дарга боов босгож мөнгөөр тоглож байхад ард иргэдийн амьжиргаа сайжирсан нь юу л бол. Ойрын хэдэн хамаатан, тойрон хүрээлэгч 40 шахам нөхдийг бас багаар нь Сингапурт аялуулаад авчээ. Зарим нь хөшөө дурсгал босгож мөнгө үрнэ. Зарим нь тендерээс зувчуулна Нөгөө хэсэг нь цасны мөнгө, хог тээврийн мөнгө гээд зохицуулж иддэг арга мөнч олон юм аа. Улс орон ийм дарга нартай шимэгчидтэй хойно яаж хөгжил ирэх юм билээ. Аймгийнхаа орон нутгийн төсвөөс сүрлэг боовон хөшөөнд гурван тэрбум төгрөг зарцуулсан засаг дарга гэсэн. Нэр төрөө сэргээнэ гээд аймгийнхаа Ардчилсан намынхантайгаа нэгэн хэсэгтээ зарга үүсгээд байсан Одоо АТГ тэдний хайныг хагална. Дараа нь үнэний шүүх тогтооно.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Б.Тогтохсүрэн “бэлэг эрхтэн”-д нугасгүй
Өвөрхангай аймгийн Ардчилсан намынхан аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг ах дүү, хамаатан саднаа аймгийн захиргаанд ажиллуулж, анд нөхдийн холбоотой хүмүүсийнхээ компаниар дамжуулан орон нутгийн төсвийн мөнгөнөөс дуртайгаараа хэрэглэж, ашиглаж байгаа тухай шуугиулж, түүнийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсанаар энэ хүнийг олон нийт муугүй мэддэг болсон билээ. Гэтэл Б.Тогтохсүрэн дарга эр хүний бэлэг эрхтэнг шүтэж, дээдэлж амьдардаг гэдгээ хэнээс ч нуухгүй байгаагаар барахгүй нэг “ичмээр” ч юм шиг мухар сүсгийг ард олонд хүчээр тулгах үзэгдэл бий болж байгаа гэнэ. Түүний хэлж байгаагаар бол өвөрхангайчууд “боовон” гэж нэрлэдэг хадтай, түүнийгээ шүтэж биширч, дээдэлж хүндэлж байвал амьдрал нь сайн сайхан гэж үздэг гэнэ. Тэр ч бүү хэл “боовон” хаданд мөргөсөн бүсгүй хүнээс хүүхэд төрдөг, хүүхэд гаргадаггүй хүмүүс очиж мөргөдөг гэхчилэнгийн үнэн, худал нь бүү мэд явган яриа аймгийнхны ам дамжих болжээ.

Харин үүнийг дэлгэрүүлэгч аймгийн Засаг дарга аймагтаа эр хүний бэлэг эрхтэний хэлбэртэй хэд хэдэн хөшөө дурсгал бариулж байгаа бөгөөд үүндээ 3 тэрбум төгрөгийг харамгүй зарцуулж байгаа ажээ. Нийслэлийн СХД-ийн 18-р хороо буюу бидний хэлж заншсанаар 5 шард байрлах хөшөө дурсгалын үйлдвэрт өнгөрөгч амралтын өдрөөр хамгийн том хэмжээтэй “боовон” хөшөө бэлэн болоод байгаа бөгөөд хөшөөг хийсэн хүмүүс Өвөрхангай аймгийн Засаг дарга Б.Тогтохсүрэнг байнга ийм төрлийн баримал, хөшөө захиалгаар хийлгэдэг хэмээн хуучилж байна. Монголчууд Ээж хад, Ээж мод гэгчлэнгээр сүсэг бишрэлээ байгаль дэлхийн өвөрмөц тогтоц бүхий газар ус, ургамал модонд илэрхийлж хүндэтгэл үзүүлдэг л ард түмэн. Гэхдээ үүн шиг туйлширч болохгүй баймаар.

Тэр дундаа олон удаагийн үйлдлээр дахин дахин “боовон” хад босгож, бариулж, захиалгаар хийлгэж байгаа нь нэг л учиртай байх даа. Магадгүй “боовон” хадаа шүтсээр Өвөрхангайчуудын нутаг хөгжлөөрөө хол тасарч, ард олных нь амьдрал эрс сайжрах юм бил үү, хэн мэдлээ. Ямартаа ч Хархоринд сүндэрлээд байгаа босоо хэлбэртэй боовон хадыг нутгийн ард иргэд тэнгэрт тэрсэлсэн явдал хэмээн үзэж дургүйцлээ илэрхийлсэн гэнэ лээ. Боовон хадны сүслийн гарал нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Оргодол гэлцэх юм билээ. Боовоо шүтээд байж дээ, өвөрхангайчууд минь.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм

 

Сэтгэгдэлүүд

Дээш